
Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдоод буй билээ. Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа ард түмэндээ юу амлав.
Г.Занданшатар: Шинээр байгуулах Засгийн газар МАН, АН, ХҮН намын 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт, ололтыг улам бататгаж ажиллах болно. Мөн УИХ-ын гишүүдийн хэлсэн санал, дүгнэлтэд үндэслэн үйл ажиллагааны хөтөлбөрөө баяжуулж, засаж, залруулж, цаашдын зорилтоо шинэчлэн тодорхойлох болно. Дэлхий дахинд, геополитик, гео стратегийн хурцадмал нөхцөл байдал үргэлжилж, худалдаа тарифын дайн нүүрлэсэн нэн эгзэгтэй цаг үед Монгол Улсад эдийн засгийн болон гадаад улс төрийн шинж чанартай хүндрэл, сорилт, тулгарч байна. Түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалсан уул уурхайн цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс хэт хамааралтай Монгол Улсын эдийн засагт хүндхэн сорилт тулгарах эрсдэл бий болсон.
Тухайлбал, манай улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жил таван хувиар өсөж байсан бол 2025 оны эхний улиралд хоёр дахин буурлаа. Нүүрсний экспорт зогсонги байдалд орж, төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц багасаж, инфляц нэмэгдэх эрсдэлтэй байна. Эрчим хүчний системийн найдвартай тасралтгүй үйл ажиллагаанд гэнэтийн эрсдэлүүд бий болж, эрсдэл үүсэж байна. Иймээс эдийн засгаа тогтворжуулж, иргэдийнхээ орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлуудыг нэн яаралтай шийдвэрлэх шаардлага үүсэж байна. Эрсдэл, сорилтыг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх болно.
Монголчууд бид гадаад, дотоод таагүй нөхцөлөөс хохирч биш, хожиж гарах ёстой. Үүний тулд Засгийн газар Үндэсний аюулгүй байдал, монгол хүний эрх ашигт заналхийлж, итгэлийг нь үгүй хийж, мөрөөдлийг нь сүүдэртүүлж буй асуудлуудыг эрэмбэ, шат дараатай шийдвэрлэхийг эрхэм зорилгоо болгоно. Улсын эдийн засаг хүнд байгааг шулуухан хэлье. Зарлагаа багасаж, орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд байхгүй. Гэхдээ эрсдэлийг даван туулах арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ард түмэн, ААН-үүдийнхээ нуруунд үүрүүлж, халаас, хэтэвчийг нь тэмтрэх замаар бус харин төрийн үрэлгэн зардлыг багасгаж, төр өөрөө бүсээ чангалах зарчмыг баримтлах зүйтэй гэж үзэж байна. Тиймээс 2025 оны төсөвт нэн яаралтай хэмнэлтийн тодотгол хийнэ. Төсвийн зардал, ачааллыг нэмэгдүүлж байгаа, төрийн бүтцийг эмхлэн цэгцэлж, тооноос чанарт шилжиж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох чиглэлд бодитой алхмуудыг хийх шаардлагатай байна аа. Төрийн өмчит ААН, чиг үүрэг нь давхардсан үндэсний хороод болон үр ашиг муутай төрийн сангуудыг цэгцэлнэ. Төрийн өмчит компаниудын тоог цөөлнө. Хувьчлалыг эрчимжүүлж, засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналттай цомхон, үр өгөөжтэй байхуйц бүтцийн өөрчлөлтийг хийж мэргэшсэн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь зайлшгүй шаардлага мөн гэж үзэж байна.
Манай Засгийн газар хөдөлмөрлөж байгаа хүн бүрийг, ажил олгогч, баялаг бүтээгч нараа бүх талаар дэмжиж ажиллах болно. Тиймээс татвар, нийгмийн даатгалын цогц реформыг хийж, иргэд, ААН-үүдийн татварын дарамтыг бууруулж, шаталсан, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, татварын бааз суурийг өргөтгөнө. Түүнчлэн хувийн хэвшлийн хийх ёстой ажлыг төр хийхгүй байх зарчмыг баримтална. Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Ард түмний төлөө Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгож ажиллана. Чадварлаг, бүтээмжтэй, дэлхийд өрсөлдөх чадвартай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлэх болно. Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ.
Халамжийн тогтолцоонд шинэчлэл хийж, хамгийн сайн халамж бол хөдөлмөр эрхлэлт байх зарчмыг удирдлага болгоно. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, Нийгмийн даатгалын сангийн алдагдлыг бууруулж, удирдлага, менежментийг шударга, ил тод болгоно. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг тууштай хэрэгжүүлж, баялагтаа эзэн Монгол хөтөлбөрөө тууштай хэрэгжүүлнэ. Үүний хүрээнд стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшигч ААН-үүдтэй хэлэлцээрүүдийг үргэлжлүүлэн бодитой, үр дүнд хүрнэ.
Шинэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх, хуулийг биелүүлэх, хуулийн үйлчлэлийг тэгш байлгах, шударга ёсыг хангахад бүхий л анхаарлаа хандуулна. Авилгаас ангид, ард түмнээсээ зугтаадаггүй, эрх мэдлийн ард нуугддаггүй, үнэнээ хэлдэг засаг байх болно.
Өмнөх Засгийн газрынхаа сайн бодлогыг тууштай үргэлжлүүлж, мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, цаг алдалгүй хэрэгжүүлнэ. Түүнчлэн нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол зэрэг олон бугшмал асуудлыг шийдвэрлэх Нийслэлийн бодлого, үйл ажиллагааг бүхий л талаар нь дэмжиж ажиллах болно. Гадаад харилцааны ололтоо ахиулж, амжилтаа бататгана. Гадаадын хөрөнгө оруулалтыг тууштай дэмжиж, Монгол Улсын язгуур эрх ашгийг цорын ганц шалгуур, хэмжүүр нь болгоно. Монгол Улс сайн хөрш, найдвартай түнш, итгэл даах хамтрагч гэсэн дүр төрхийг баталгаажуулахыг эрмэлзэнэ. Түүнчлэн цахим шилжилтийг эрхэмлэгч Засгийн газар байна.