
“Таны … дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ” гэсэн зурвас жолооч нарын утсанд ирсэн. Эл асуудлын хүрээнд иргэд торгуулиа шалгасан ч хэвийн байгаад гайхсан.
Цаашилбал цахим залилан байж магадгүй гэсэн хардлага төрөөд буй. Тэгвэл энэ талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн сургалт судалгаа олон нийттэй харилцах мэргэжилтэй Л.Баярцэцэгээс тодрууллаа.
-Жолоочдын утсанд ирсэн та дүрэм зөрчлөө гэх зурвас ямар учиртай вэ. Албан газраас явуулсан уу. Аль эсвэл цахим залилан уу?
-Өнгөрсөн онд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, Замын хөдөлгөөний дүрмийн хэрэгжилтийг хангах үүднээс 176 уулзвар гарц дээр хиймэл оюун ухааны хяналтын камеруудыг суурилуулсан. 2025 оны хоёрдугаар сарын тавнаас хойш иргэд рүү манайхаас сануулах мессежийг илгээж байгаа. Энэ бол торгууль бол биш. Сануулах зурвас гэсэн үг. 348 мянган сануулах зурвасыг илгээсэн байна.
-Иргэд торгууль гэж ойлгоод сайт руу нь ороод харахаар тийм зүйл байхгүй байна гэсэн асуудал гарч ирээд байгаа шүү дээ?
-Зөвхөн дүрэм зөрчсөн сунуулах зурвас. Бусдаар торгууль биш. Яг торгох үйл явц 2026 оны нэгдүгээр сарын 01-нээс эхэлнэ.
-Иргэдийн автомашин хөдөлгөөнд оролцоогүй байхад нь ийм зурвас явуулах нь ямар учиртай вэ?
-Манайд ч гэсэн ийм төрлийн гомдлууд маш их ирж байна. Нэг төөрөгдөл байгаа нь автомашин маань гэрийн гадаа зогсоол дээр байхад зөрчил илэрлээ гэсэн зурвас ирж байгаад бухимдаж байна. Өмнө нь зөрчсөн зөрчлүүд шугам сүлбээтэй холбоотойгоор л хожимдож очиж байна гэж ойлгох хэрэгтэй. Бусдаар огт Улаанбаатарт замын хөдөлгөөнд ороогүй, хөдөө орон нутагт байгаа иргэний дугаар луу тийм зурвас очсон зүйл байхгүй. Харин бид өнөөдрөөс эхлүүлээд иргэд рүүгээ болон жолооч нар луу зурвас илгээхдээ линктэй явуулна. Линк рүү нь дараад орохоор тухайн иргэн яг хаана ямар байршилд, ямар дүрэм зөрчсөн байна гэдэг нь тодорхой харагдана.
-Тодруулга өгсөнд баярлалаа.