
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн ням гарагийн шөнө ОХУ-ын зэвсэгт хүчин Украины бүс нутгуудад агаарын цохилт үзүүлсэн явдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ.
Тэрээр өөрийн Truth Social нийгмийн сүлжээндээ, “Би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай үргэлж сайн харилцаатай байж ирсэн. Гэхдээ түүнд нэг л зүйл тохиолдож. Тэр бүр галзуурчхаж! Ямар ч шаардлагагүй олон хүнийг хөнөөж байна. Би энд зөвхөн цэргүүдийг яриагүй шүү. В.Путин Украины хэсэгхэн газрыг бус Украиныг бүхэлд нь авахыг хүсэж байгаа нь үнэн юм байна. Хэрэв тийм бол Орос улс сүйрэх болно” хэмээн бичжээ.
Түүнчлэн Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн ням гарагийн орой сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа, “В. Путинтай юу тохиолдсоныг мэдэх юм алга. Түүнтэй сайн харилцаатай байж ирсэн. Гэхдээ Украины хотууд руу пуужин хөөргөж, хүмүүсийн амийг хөнөөж байгаа нь огт таалагдахгүй байна” хэмээн мэдэгдэхийн зэрэгцээ Вашингтон ОХУ-д хориг арга хэмжээ тогтоох нь гарцаагүй хэмээн онцолжээ.