
Өнгөрсөн пүрэв гарагт төмрийн хүдрийн дэлхийн хамгийн том олборлогч Рио Тинто компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ оны эцсээр албан тушаалаасаа огцрох гэж буйгаа мэдэгдсэн.
Reuters агентлагийн мэдээлснээр Рио Тинто компанийн захирлуудын зөвлөл Я. Стаусхолмыг залгамжлагчийг томилохоор MWM Consulting фирмтэй хамтран ажиллаж байгаа ба шинэ гүйцэтгэх захирлаа дотроосоо болон гадаадаас эрчимтэй хайж байгаа юм. Я. Стаусхолмын оронд гүйцэтгэх захирлаар томилогдох магадлалтай хүмүүст Рио Тинто компанийн Арилжаа, бизнес хөгжлийн захирал Б. Болд, төмрийн хүдрийн орд хариуцсан захирал Саймон Тротт, хөнгөн цагаан хариуцсан захирал Жером Пекрессе нар яригдаж байна.
Эдгээр нэр дэвшигчдээс Рио Тинто компанийн Арилжаа, бизнес хөгжлийн захирал Б.Болд олны анхаарлыг илүүтэй татаж байна. Тэрээр Рио Тинто компанид удирдах албан тушаалыг хашдаг цорын ганц Монгол хүн юм. Б.Болд 2013 оноос хойш Рио Тинто компанид ажиллаж байгаа ба энэ хугацаанд таван удаа дэвшил дэвшиж, 2023 онд одоогийн албан тушаалдаа очсоноор Рио Тинто компанийн олон улсын стратеги, арилжааны хамтын ажиллагаа, хэрэглэгчтэй харилцах менежментийг манлайлах болсон юм.
Эрчим хүчний салбарын өөрчлөлт шинэчлэлт, дэд бүтцийн бүтээн байгуулалт нэмэгдсэн явдалтай холбоотойгоор Рио Тинто компани төмрийн хүдэр, зэс болон хөнгөн цагааны олборлолтоо эрчимжүүлээд байгаа билээ. Рио Тинто компани хэрэгжүүлж буй төслүүддээ 2024-2026 онуудад жилдээ 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа ба Гвиней дэх Симандоу төмрийн хүдрийн ордны олборлолт энэ онд эхлэх нь анхаарал татахуйц үйл явдал юм.
Шинээр томилогдох гүйцэтгэх захирал нь компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэхээс гадна хүрээлэн буй орчин, нийгмийн хариуцлагатай холбоотой асуудлууд, геополитикийн эрсдэлүүдтэй нүүр тулах нь гарцаагүй. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн үнэ цэн, тогтвортой хөгжил болон итгэлцлийг тэнцвэртэй авч явах чадвартай байх шаардлагатай юм.
Б. Болд Рио Тинто компанийн гүйцэтгэх захирлаар томилогдох магадлалтай гэж яригдаж буй нь Рио Тинто компанийн төдийгүй Монгол улсын хувьд түүхэн үйл явдал юм. Дэлхийн хамгийн том бөгөөд нөлөө бүхий уурхайн компани Монгол захиралтай болох нь Монгол улс олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, олон олон үүд хаалгаа нээгдэх бэлгэ тэмдэг юм.