
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанд үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.04.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир “Төрийн өмчийн хувьцаат компаниудын зардлуудыг 15 хувиар бууруулаад, бүтээмжийг 30 хувиар нэмэгдүүлнэ гэсэн байна. Яг яаж нэг жилийн дотор. Бид зөвхөн 2026 оны хөтөлбөр ярьж байгаа шүү. 3.5.1 дээр “нүүрс хими, кокс химийн үйлдвэрийг ашиглалтад оруулах” гээд бичсэн байна. Бид нар нэг жилийн дотор нүүрс хими, кокс химийн үйлдвэр барьж чаддаг супер улс болцон билүү. Мөн 3.5.5 дээр “ Гангын үйлдвэрийг ашиглалтад оруулах” гэсэн байна. Ийм том хоёр төслийг бид нар нэг жилийн дотор ашиглалтад оруулж чаддаг болцон юм байна. Ашиглалтад оруулна гэсэн кокс химийн үйлдвэр нь хэмжих нэгж нь байгүй, суурь түвшин, зорилт түвшин, санхүүжилт байхгүй, тухайн жилд зарцуулах мөнгө нь байхгүй, санхүүжилтийн эх үүсвэр нь байхгүй байна. Бүр огт байхгүй бичээгүй байна. Тэгээд ашиглалтад оруулна гээд байх юм. Хугацаагаа бодитой хэрэгжихүйц тавьдаг байхгүй бол бид гоё гоё цаас л хийдэг болчихлоо. Ингээд ярихаар нэг талаас Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцээд байгаа юм шиг хандлага төрүүлээд байна. Уг нь бол тийм биш шүү дээ аль болох бид энэ төслүүдийг явуулъя гэж байгаа” гэлээ.