
Тархины үхэлтэй нэг донор нэг хүнд элэг, хоёр хүнд бөөр, 11 хүнд шөрмөс болон үе шилжүүлэн суулгах хагалгаа хийж, 14 хүнд амьдрал бэлэглэжээ. Мөн ХСҮТ нийт 12 тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгасан талаар ХСҮТ-ийн эмч нар мэдээллээ.
Энэ үеэр Элэг, цөс, нойр булчирхайн тасгийн эрхлэгч, элэг цөс нойр булчирхайн мэс заслын эмч, Анагаах ухааны магистр Г.Үнэнбат дараах зүйлийг хэлэв.
Тэрээр, “Нийгмийн сүлжээнд нэг хүнийг л буруутгаад байна. Эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа бол багийн ажил байдаг. П.Батчулуун эмчийг ялтай хэвээр, өвчний улмаас гэрээр ялыг эдлүүлэх шийдвэр гарч байх шиг байна. Хэдий гэрээр гаргах асуудал яригдаж байгаа ч хоёр шатны шүүхээр П.Батчулуун эмчид ял оноосон хэвээр үлдээх гэж байна. Эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах үндсэн баг буруу үйл ажиллагаа явуулсан мэтээр харагдуулаад байна. Ингэснээр тархины үхэлтэй донор гараад, тэр өдөр хагалгаа хийсэн нийт багийнхныг ялтан болгож харагдуулж байгаад сэтгэл эмзэглэж байна” гэлээ.