
Архангайн залуус аргалаар түлш хийжээ. “Аргал байгалийн түлш” төслийн менежер Б.Тэмүүжин ийнхүү ярьж байна.
“Энэхүү түлшний 80 хувь нь аргал, 20 хувь нь нүүрс. Аргалаа малчдаас авч, нүүрсний хаягдлыг ашиглаж байгаа. Одоогийн байдлаар туршилтын хувилбар нь гарчихсан үйлдвэр нь хараахан ашиглалтад ороогүй. Энэ өвөл ашиглалтад оруулаад, Архангай аймгийн хэрэглэгчдийн гарт хүргэх зорилготой байна.
Лабораторийн шинжилгээнд оруулсан. Дулааны цахилгаан станцад түлж үзсэн. Шаталтын түвшин 3500 ккалл буюу шахмал түлшнийхтэй ойролцоо. Харин хоруу чанар буюу хүхэр ялгаруулалт нь нэг дахин бага гарсан.
Архангай аймаг маань 600 мянган гаруй үхэртэй. Малчин өрхүүд аргалаа манай үйлдвэрт тушааж, орлоготой болно. Мөн энэ төсөл хэрэгжсэнээр мод тайралт багасна. Шаталтын түвшин их, дулаан ялгаруулалт их. Аргал учир шахмал түлшийг бодвол үнс их гарна. Хэдэн төгрөгөөр борлуулахаа эцэслэн шийдээгүй байна. Бидний зорьж байгаа бас нэг зорилго бол шуудай болон уутыг ашиглахгүй байхаар төлөвлөөд судалж буй.
Ер нь бол утааны эсрэг шийдлийг бага ч гэсэн өөрсдийнхөө зүгээс шийдэж гаргаж ирж байгаа төсөл. Агаарын бохирдол аюултай түвшинд оччихсон байгаа энэ үед эхний ээлжид Архангай аймгийн төвөө аргалаад халаадаг болъё. Цаашдаа бусад сумууд руугаа ч гэсэн тэлье хэмээн энэхүү төслөө эхлүүлээд явж байна” гэлээ.