
Хойд Македонийн Кочани хотын шөнийн клубт гарсан галын улмаас 59 хүн амь үрэгдсэн явдалтай холбоотойгоор Кочани хотод олон мянган иргэд эрх баригчдаас шударга ёсыг тогтоож, авлигын эсрэг арга хэмжээ авахыг шаардан жагсжээ.
“Pulse” шөнийн клубын шатамхай материалаар хийсэн тааз тайзны салютанд шатаж, гал гарах үед тус клубт алдартай хип хоп хамтлагийн тоглолтыг үзэхээр олон зуун хүн цугласан байсан юм. Уг хэрэг явдалтай холбогдуулан хууль сахиулагчид 20 орчим хүнийг баривчилсан ба тэдгээрийн дотор дээрх шөнийн клубийн эзэн, Засгийн газарт өндөр албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүн багтжээ. Жагсагчид тус клуб ямар ч стандартын шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаагаа явуулсаар байсан нь авлига, хээл хахуультай холбоотой гэж үзэж байгаа юм.
Клубт гарсан галын улмаас 160 гаруй хүн гэмтсэний 45 нь хүнд гэмтэл, ноцтой түлэгдэлт авчээ. Тэдгээрийн заримыг нь хөрш Болгар, Грек, Серби болон Турк руу тусгай эмчилгээнд илгээсэн байна. Хүүхдүүд нь одоог хүртэл сураггүй байгаа иргэд эмнэлгийн гадаа ДНХ-ийн сорьц өгөхөөр дугаарлан зогсжээ. ДНХ-ийн сорьц нь цогцос таних ажилд шаардлагатай аж. Нийслэл Скопье хотоос 100 км зайд байрлах 25 мянга орчим хүн амтай Кочани хотод болсон жагсаалын үеэр иргэд амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн лаа асааж, эмгэнэл илэрхийлсэн бол өсвөр насны хэд хэдэн хүүхэд “Pulse” клубийн эзнийх байж болзошгүй гэсэн баарны цонхыг хагалж, доторхыг нь эвдлэн сүйтгэжээ.
“Pulse” шөнийн клубт болсон DNK хип хоп хамтлагийн тоглолтын нийт 250 тасалбар борлуулагдсан ч тухайн үед клубт 500 орчим хүн байсан аж. Түүнээс гадна тус шөнийн клубийн байр нь анх хивсний агуулах байсан ба клубийн зүгээс лицензээ хууль бус аргаар авсан байжээ. Гал гарах үед тус клубийн цорын ганц ослын гарц хаалттай байснаас гадна клуб дотор галын хоёрхон ширхэг хор байсан ба клубт галын дохиолол, ус шүршигч систем зэрэг байгаагүй хэмээн уг хэрэг дээр ажиллаж байгаа прокурорын зүгээс мэдэгджээ.