
Сүүлийн нэг сарын хугацаанд Л.Энх-Амгалан сайдын дотор гурван өөр хүн орчхоод, зөрүүтэй мэдээллээр иргэдийг талцуулж нийгмийг турхирч суусан бололтой.
Нэгдүгээр сарын сүүлээр л Сар шинийн баяраар 10 хоног амардаг байх төсөл боловсруулах талаар ам нээж байсан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, сарын дараа дахин өөр зүйл ярьж, “Хөдөлмөрийн хуульд цагаан дээр хараар хуанлийн тооллоор гурав хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3-нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3- ндаа амраад, даваа гаригт ажилдаа орно. Хууль дагахаас өөр аргагүй” гэж гэнэт зандрав. Үүгээр дуусаагүй. Хоёр хоног шинэлэхээр төлөвлөж, төсөв санхүүгээ зохицуулсан ард түмнээ тохуурхаж буй мэт дахин өөр шийдвэр танилцуулж, баярын өдрүүдээр тав хоног амрах болсныг өнөөдөр дуулгалаа. Сайдын нэг амаар хэлсэн гурван зөрүүтэй мэдээлэлд иргэд төөрөлдөж, бухимдаж байгаагаа цахим сүлжээнд илэрхийлсээр байна.
Ямартай ч Засгийн газрын хуралдаанаар уламжлалт цагаан сарын баярын амралтын талаар хэлэлцэж, шинийн 6-ныг дуустал бүх нийтээр амрахаар шийдвэрлэв.
Л.Энх-Амгалан сайдын нэг амаар ярьсан гурван үзүүртэй мэдээллүүд…
2025.01.29
…Жилийн хугацаанд тохиож буй бүх нийтээр амрах 16 хоногоос шаардлагагүй өдрүүдийг хасаж, зөвхөн Үндэсний их баяр наадам, Цагаан сараар илүү хоног амарч, тэмдэглэдэг байх тооцооллыг хийж эхэлсэн. Сар шинийн баяраар 10 хоног амардаг байх төсөл боловсруулна…
2025.02.21
…Хөдөлмөрийн хуульд цагаан дээр хараар хуанлийн тооллоор гурав хоног биш билгийн тооллоор Шинийн 1, 2, 3-нд амарна гээд хуульчилсан. Гэтэл энэ жил Шинийн нэгэнгүй жил. Шинийн 2, 3- ндаа амраад, даваа гаригт ажилдаа орно. Хуулийн засаглалтай улс учраас хуулиа дагахаас өөр аргагүй…
2025.02.26
…Засгийн газрын тогтоол батлагдсанаар ирэх Даваа, Мягмар, Лхагва гарагуудад амарч, Пүрэв гарагаас төрийн байгууллагууд ажиллаж эxэлнэ…