
Өглөөний 07:00 цаг. Хот даяар хичээлийн шинэ жилийн эхний өдрийн хөл хөдөлгөөн эхэлж, гоёж гоодсон, хөөрч баярласан хүүхдүүд хаа сайгүй харагдана. Харин Э.Мөнхболдын гэр бүлийн хувьд энэ өглөө бусдынхаас арай илүү бужигнаантай. Тэдний гэрт нэг биш, хоёр биш, таван хүүхэд нэгэн зэрэг сургууль, цэцэрлэгтээ явахаар бэлтгэж байна.
Тэрсхэн таван хүүхэдтэй айлын өглөө гэдэг өөрөө жижигхэн “ажлын өдөр”. Нэг нь хувцсаа өмсөнө, нөгөө нь үсээ самнана. Бяцхан хоёр нь аав, ээжийнхээ тусламжийг хүлээнэ. Өглөөний цайг нь уулгаж, үсийг нь янзалж, хичээлийн хэрэгслийг нь шалгаж дуусахад ердөө хагас цагийн дотор амжуулах хэрэгтэй.
Э.Мөнхболд, түүний гэргий П.Гансувд нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр нээлттэй, хаалттай хорих ангид ажилладаг, Төрийн тангараг өргөсөн алба хаагчид, залуу гэр бүл. Тиймээс хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөөд зогсохгүй, өглөөний 08:20 цаг гэхэд ажилдаа бэлэн байх ёстой, үүрэгтэй. Ажилдаа очих цаг, хүүхдүүдийнхээ сургууль, цэцэрлэгийн цаг, гэрийн өглөөний ажлыг хооронд тааруулах нь тэдний өдөр бүрийн амьдралын салшгүй хэсэг, бас сорилт болжээ.
Гэхдээ хүүхдүүд өсөж томрохын хэрээр өглөөний яаруу хэмнэл бага багаар саарч өнөөдөр өөрсдөө хувцсаа өмсөж, цүнхээ бэлдэж, хийх ёстой зүйлээ мэддэг болжээ. Тэдний 5 хүүхдийн том нь 12 настай М.Анар. Айлын том охин дүү нараа харах, хичээлийн даалгаврыг нь хийлгэх, жаахнуудаа хооллох гэх мэт ээжийнхээ жинхэнэ баруун гар. Удаах нь М.Билгүүн. Тэрбээр айлын ганц хүү. Тиймдээ ч ээждээ, эгчдээ хамгийн их эрхэлдэг ч аавынхаа оронд аав болох ч үе бий. Гэрийн сайн туслах, нөмөр болдог хүү аж. Тэрбээр одоо 11 настай бөгөөд энэ жил тавдугаар ангид дэвшин суралцаж байна. Түүний дүү М.Амирлан. Одоо 9 настай гуравдугаар ангийн сурагч. Гэр бүлийнхнээ байнга баясгаж, хөгжөөдөг цовоо охин бөгөөд хичээлийн шинэ жил эхэлж байхад “ангийн багш, ангийн найзуудынхаа нэрийг ч мартчихжээ” гээд гэрийнхнээ инээлгэж өглөөг эхэлсэн юм. Дүү М.Аримун, М.Амундра 2 нь цэцэрлэгийн бага, бэлтгэл бүлэгт энэ жил орсон. Тэд аавынхаа амь бөгөөд өглөө цэцэрлэгтээ заавал ааваараа л хүргүүлдэг аж.


Эцэг эхийн хувьд хүүхдүүд том болох нэг талаар ажлыг нь хөнгөвчилсөн мэт боловч нөгөө талаар “хүүхдүүд маань нэг л мэдэхэд том болжээ” гэсэн уйтай бодлыг төрүүлж байгааг ч хэлж байлаа.
Энэ жилийн есдүгээр сарын нэгэн ч тэдний хувьд өмнөх жилүүдээс арай тайван эхэлсэн байна. Түүнчлэн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд хүүхдүүдтэйгээ хамт оролцохын тулд Э.Мөнхболд болон түүний гэргийд ажлаас нь чөлөө олгосон байна. Ингэснээр энэ удаагийн есдүгээр сарын нэгэн тэдний гэр бүлд зөвхөн хүүхдүүдийн хичээлийн шинэ жил эхэлсэн өдөр бус, тавуулаа аав, ээжтэйгээ хамт өнгөрүүлэх дурсамжтай өдөр болжээ. Таван хүүхэд бүгд аавдаа амь болохоор “Ааваараа хүргүүлнэ” гэнэ. Ингээд гэрийн эзэн цэцэрлэгийн насны хоёр хүүхдээ, гэрийн эзэгтэй сургуулийн гурван хүүхдээ тус тус хүргэж өгсөн юм.
Тэд нэг гэрээс хоёр өөр зүгт хөдөлж байгаа ч сэтгэл зүрх нь сургууль, цэцэрлэгтээ яаран очиж, багштайгаа, ангийнхантайгаа уулзахыг яарсан нь нүднээ илт.
Э.Мөнхболдынх бол өдөр тутмын ажил, амьдралаа зэрэг амжуулж, таван хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй өнөр өтгөн залуу гэр бүл. Тэдний амьдралд төлөвлөгдөөгүй зүйл олон тохиолдож болох ч хүүхдүүдийнхээ хэрэгцээ, хичээл, цэцэрлэг, ажлын цагийг уялдуулах нэгэн тогтсон хэмнэл бий. Эцэг эх хоёулаа ажилтай үед таван хүүхдийн амьдралыг зохицуулна гэдэг зөвхөн цагийн менежмент бус, харилцан ойлголцол, хариуцлага, тэвчээр шаардсан өдөр тутмын томоохон хөдөлмөр юм. Таван хүүхэд гэдэг таван өөр зан араншин, таван өөр хүсэл мөрөөдөл, таван өөр ертөнц.
Тэднийг нэг гэрт өсгөж, нэгэн зэрэг анхаарал халамж тавьж, ажил амьдралаа авч явна гэдэг амаргүй. Гэвч хүүхдүүдийнхээ инээд, баяр хөөр, аав ээждээ эрхлэх тэр жижигхэн мөчүүд өдөр тутмын ядаргааг нь мартуулж, аз жаргалаар дүүргэдэг хэмээн тэд ярьж байлаа.
Өглөөний 07:00 цагт эхэлсэн гэрийн хөл хөдөлгөөн удалгүй намжина. Хүүхдүүд сургууль, цэцэрлэгийнхээ хаалгаар орж, аав, ээж хоёр өөрсдийн ажилдаа явах замдаа гарна. Харин орой болоход тэд бүгд гэртээ цуглана. Өнөөдөр юу болсон, багш нь юу хэлсэн, хэнтэй найзалсан, ямар хичээл сонирхолтой байсан тухайгаа ам уралдан аав, ээждээ ярьна. Аав, ээж хоёр хүүхдүүдийнхээ яриаг сонсож, дараагийн шинэ өдрийг угтах бэлтгэлээ хийцгээнэ.
Энэ бол Монголын нэгэн аз жаргалтай гэр бүлийн хичээлийн шинэ жилийн эхний өдрийн тэмдэглэл.
Өнөр өтгөн гэр бүлийн амьдрал өдөр бүрийн жижигхэн завгүй байдлаар үргэлжилдэг ч тэдний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл нь тэр завгүй өдрүүдийн дунд хамтдаа бүтээж буй дурсамжууд билээ.
Сурвалжилсан: Сэтгүүлч С.Бадамханд
Зураглаач Д.Төгөлдөр
2026.09.01
Хужирбулан











Дүү нараараа бахархаж байна. Гэр бүлд нь инээд хөөр, эрүүл энхийг хүсэе!
Гэр бүлд нь аз жаргал, эрүүл энх, амар амгалан бүхнийг хүсье.
Minii 2 nz super shvv. Amjilt az jargal hvsii