
Зуны турш нам гүм байсан сургуулийн хашаа хүүхдийн дуу шуугианд дарагджээ. Ангийнхнаа олж харсан нэг нь нэрээр нь дуудан гүйж, шинээр шилжиж ирсэн нь танихгүй хүүхдүүдийн дундаас ангиа хайна. Харин ээж, аавынхаа гараас хөтөлсөн зургаан настнууд анх удаа сурагч болж, сургуулийн босго алхах гэж буй нь энэ.
Нээлтийн дуу, хөгжимд хүүхдүүдийн инээд, яриа сүлэлдэнэ. Дуулж, бүжиглэх сурагчдын үзүүлбэрийг үзэхийн хажуугаар зуны амралтынхаа сониныг хуучлах хүүхдүүдэд ярих юм мундахгүй. Өчигдөрхөн цүнх, дэвтрээ зэхэж байсан багачууд өнөөдөр дүрэмт хувцастайгаа ангийнхныхаа дунд зогсоно. Хүүхдээ зэрэгцүүлэн зогсоож зураг дарах, захыг нь тэгшилж өгөх ээж, аавууд ч завгүй.
Энэ хөл хөдөлгөөн дунд бид гуравдугаар ангийн сурагч Б.Энхзаяа, түүний ихэр дүү Б.Энхтуул, Б.Энхтуяа нартай таарав. Хичээлээсээ гарч ирсэн ихрүүд эгчээсээ биеэр үл ялиг өндөр. Харин Б.Энхзаяагийн ярианаас “эгчийн зан” нь илт.
“Хичээл орох ерөөсөө гоё юм байна. Хоёр ихэртэйгээ орохоор сандарч үхэх юм байна” гэж тэр хэвлүүхэн ярина.
Өөрийнх нь хувьд англи хэл үзэж эхлэх, хичээл нь хүндрэх гээд бодох зүйл бий. Гэвч өнөөдөр хоёр дүүгээ яах бол гэсэн санаа зовнил бас нэмэгджээ. Гуравдугаар ангийн охин хичээлийнхээ хажуугаар эгчийн албыг давхар хашиж буй нь энэ.
Эгч, дүү гурваас хоорондоо муудалцдаг эсэхийг асуухад “Үгүй, огт үгүй” гэсэн хариу өгөв. Харин хааяа загнах уу гэх асуултын хариуд “Эвээр хэлнэ” гэлээ. Хоёр дүүдээ санаа тавихдаа учирлаж хэлэхээ ч мэддэг, хэрсүү эгч аж.
Б.Энхзаяагийн “Сандарч үхэх юм байна” гэх үг цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгсөн ээж, аавуудын сэтгэлийг ч хэлчих шиг. Тэд хүүхдээ ангийнх нь хаалгаар оруулсан ч өөрсдөө харьж явахад хараахан бэлэн биш. Ангийн цонхоор шагайж, хүүхдээ бусдын дундаас олж харах гэж зогсоно. Уйлахаа больсон болов уу, багшийнхаа үгэнд орж байгаа болов уу, хүүхдүүдтэйгээ тоглож байгаа болов уу…


Хоёр дахь охиноо цэцэрлэгт өгсөн Д.Цолмонгийн хувьд хүүхдээ хүргэж өгөх анхны туршлага биш ч санаа зовох зүйл цөөнгүй байлаа. Хоол ундаа идэх, бие дааж өөрийгөө авч явах, бусад хүүхэдтэй нийцэх гээд гэртээ бол дэргэдээс нь харж, тусалчихдаг бүхнээ бодно.
“Сандардаг юм байна. Санаа зовдог юм байна. Хүүхдүүдтэй яаж нийцэх бол гээд их зүйлд санаа зовж байна” хэмээн тэр ярилаа.
Гэхдээ охиноо цэцэрлэгийнхээ орчинд, багшдаа, найзууддаа дасаад ирэхээр уйлах нь гайгүй болох байх гэж найдаж буй. Одоохондоо л хамт орж, хажууд нь сууж, хэрэгтэй үед нь тусалж чадахгүй байгаа нь ээжийн сэтгэлийг чилээнэ.
Харин хоёр настай хүүхдээ анх удаа цэцэрлэгт өгч буй өөр нэг эцэг, эхийн ярианаас хүүхэд нь томчуудаасаа түрүүлээд шинэ орчиндоо хөл тавьчихсан нь мэдэгдэв.
“Яажшуухан байгаа бол гээд хойноос нь хараад, явж чадахгүй байна. Манай хүүхэд хоёр настай, бага бүлэгт анх удаа орж байгаа. Гэхдээ анги, тоглоомоо хараад баяртай, хөөрхөн гүйгээд орчихлоо. Ямар ч гэсэн уйлж барьсангүй. Бүр тоглоод сууж байна шүү дээ” гэлээ.
Хүүхэд нь тоглоомоо сонирхоод суучихсан байхад ээж, аав нь цонхны цаанаас харсаар. Уйлбал яана гэж бэлдэж ирсэн ч уйлаагүйд нь санаа амран, бас хоргодон зогсох аж.
22 дугаар цэцэрлэгийн багш Л.Болормаад энэ бүхэн танил. Хүүхэд нь уйлж орохоор эцэг, эхчүүд араас нь харахыг хүсэж, яаж байгаа бол хэмээн санаа зовдог тухай тэр ярив. Бүр ахлах, бэлтгэл бүлгийн хүүхдийн ээж, аавыг ч заримдаа “Одоо яваарай” гэж хэлж байж явуулдаг гэнэ.
Харин хүүхэд нь цэцэрлэгтээ юу хийснээ ярьж эхлэхэд эцэг, эхчүүдийн санаа зовох нь багасдаг аж. Багшийн ажигласнаар, эхний долоо хоног өнгөрч, хүүхэд нь гайгүй болохын хэрээр тэд ч тайвширдаг байна.
Энэ удаа харин цонхоор шагайх ээж, аавуудад хүүхдийнх нь тоглож суугаа төрх л хангалттай хариулт болов. “Бүр тоглоод сууж байна шүү дээ” гэх тэр үгэнд өглөөнөөс хойш тээсэн санаа зовнил нь бага ч болов нимгэрчээ.
М.Солонго










