
Өнөөдөр 2026-2027 оны шинэ хичээлийн жилийн нээлтийн ажиллагаа боллоо. Энэ хичээлийн жилд Дундговь аймгийн 19 сургуульд 9200 суралцагч, 23 цэцэрлэгт 3000 хүүхэд, Политехник коллежид 600 суралцагч тус тус суралцана. Үүнээс 980 хүүхэд нэгдүгээр ангид элсэн орж байна.
Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дэлгэрцогт сумын бяцхан сурагчдын хичээлийн шинэ жилд нээлтийн ажиллагаанд оролцож, багш, сурагч, эцэг эх асран хамгаалагчдад баяр хүргэн, сурлагын өндөр амжилт хүссэн юм.
Дундговь аймаг 2026 оныг “Эрүүл мэнд, боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, “Оюунлаг Дундговь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд боловсролын салбарын сургалтын чанар, багшийн хөгжил, хүүхдийн сурч боловсрох орчныг сайжруулахад анхаарч, 2026 онд сургууль, цэцэрлэгийн засвар, дотуур байр, спорт заал, гадна фасад зэрэг бүтээн байгуулалтад нийт 2.31 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэн хэрэгжүүлжээ. Мөн Сайнцагаан сумын 3 дугаар цэцэрлэгийн гадна замын ажилд 430 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Цаашид боловсролын байгууллагын барилга байгууламжийг үе шаттай шинэчлэх хүрээнд сургууль, цэцэрлэгийн шинэ барилга, өргөтгөл, дотуур байрны төслүүдийг улсын төсөвт тусгуулах саналыг хүргүүлээд байна.


ЭЕШ-ын үнэлгээгээр Дундговь аймаг 2024–2025 онд тавдугаар байр, 2025–2026 онд зургаадугаар байрт эрэмбэлэгдэж, сүүлийн хоёр жил дараалан эхний байруудад багтлаа. Мөн 2023 оноос хойш “Илгээлт–2100” тэтгэлэгт хөтөлбөрт 33 сурагч шалгарчээ.











