
Боловсролын яам, Боловсролын ерөнхий газартай бодлогын хүрээнд хамтран хэрэгжүүлж буй Хүүхдийн хөгжил, төлөвшлийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-аас санаачилсан “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөр 2026-2027 оны хичээлийн жилээс улс орон даяар хэрэгжиж эхэлж байна.
Хөтөлбөр эхний ээлжид “Динза Цондоолойгийн анд найзууд” НҮТББ-аас уншлагын орчин, булан тохижуулсан 88 сургууль болон нэмэлт 12 сургууль буюу нийт 100 сургуульд хэрэгжиж эхэлнэ.

“Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрөөр хүүхдүүд багштайгаа, анги хамт олноороо ном уншиж, ном бүрийн агуулгад зориулсан арга зүй, ажлын дэвтэр, бүтээлч даалгавраар уншсанаа ойлгож, бататган ажиллана.
Хүүхдүүд уншсан номынхоо талаар ярилцаж, өөрийн бодлоо илэрхийлж, дүр болон үйл явдал дээр ажиллан, бүтээлч ажлууд хийж, хөтөлбөрийн төгсгөлд анги хамт олноороо үзэсгэлэн гарган сурсан, бүтээснээ эцэг эх, багш нартаа танилцуулах аж.
Мөн хөтөлбөрийн үр дүнг нэгтгэн тайлан гаргаж, хүүхдүүдэд дурсгалын бэлэг гардуулснаар нэг удаагийн ном уншлага бус, уншсан зүйлээ ойлгож бататгах цогц үйл ажиллагаа болж хэрэгжинэ.
2026-2027 оны шинэ хичээлийн жилд ЕБС-ийн багш нарыг анги хамт олноороо “Багштайгаа ангиараа уншъя” хөтөлбөрт нэгдэн хэрэгжүүлэхийг урьж байна.
Багштайгаа уншъя. Ангиараа ярилцъя. Уншсанаа ойлгож, бүтээл болгоё.









