
Монголын үйлдвэрчний эвлэлээс Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2026 оны улсын төсвийн тодотгол, 2027 оны улсын төсвийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийлээ.
“Монгол Улсын эдийн засаг хүндрэлтэй, улс төрийн байдал тогтворгүй, нийгмийн хувьд бухимдалтай цаг үе байна. Энэ мөчид өдөр ирэх тусам ажилтан, алба хаагчид, иргэдийн бодит орлого буурч буйг нийтээрээ мэдэж байгаа.
Улсын төсвийн тодотголтой холбоотой Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос эерэг болон сөрөг байр суурийг илэрхийлнэ. Нэгдүгээрт Монгол Улсын болон дэлхийн хөдөлмөрийн хэм хэмжээгээр Монгол Улсын Засгийн газартай хийсэн тохиролцооны хүрээнд ойрын хоёр жилийн хугацаанд цалин хөлс, нийгмийн хангамжтай холбоотой голлох тохиролцоог хийсэн байдаг. Дээрх тохиролцооны тодорхой заалтууд төсвийн тодотгол болон төсвийн төсөлд тусжээ. Харин салбарын хэмжээнд байгуулсан хэлэлцээрийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг төсөв дээр тусгаагүйтэй холбоотой асуудлууд гарч байна.
Монгол Улсын Засгийн газартай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд төрийн албанаас бусад албаны цалин хөлсийг нэмэхээр төсөвт тусгасан байгаад талархалтай хандаж байна” гэлээ.









