Бусдад хараа бэлэглэдэг сайхан ажлаа 30 гаруй жил хийж байна. Эрэг шургаа олж барихаа больтлоо ажлаа хийнэ гэж боддог гэж ярих түүнийг Ч.Бямбасүрэн гэдэг. Нэрээр нь дуудахаас илүүтэй “Урт цагааны нүдний шилчин” гэдгээр хүмүүс андахгүй сайн мэддэг гэнэ.
БАЙНГЫН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙНХЭЭ ХАРААГ БАС ЯМАР ЗАГВАРЫН ШИЛ ЗҮҮДГИЙГ НЬ ЦЭЭЖЭЭР МЭДНЭ
Завханы Нарантуяа байна гээд утсаар ярихад “өө та чинь холын хараандаа -4 зүүдэг шүү дээ” гээд л хэдтэй ямар рам зүүдэг, ямар шил сонирхдог зэргийг нь шууд санадаг. Олон жижиг эрэг, боолтыг цээжилж боох хэрэг гардаг учир өөрийн мэдэлгүй цээжилчихдэг юм болов уу гэж боддог юм. Надаар гурван үеэрээ шил хийлгэж байгаа хүмүүс цөөнгүй бий. Зах зээлийн үе эхэлж байсан 1990 оноос л нүдний шил засаж, шил шинээр хийж эхэлсэн. Тэр үед гарын 10 хуруунд багтах цөөн хүн нүдний шил хийж засдаг байлаа. Нүдний шил зүүдэг хүмүүс ч цөөхөн байсан. Одоо юмс хөгжөөд цаг үе сайхан болж өмнө бол нүдний шилээ хийснийхээ дараа орон нутгийн захиалгуудаа Нарантуул зах эсвэл Драгон дээр аваачиж шуудангийн унаанд хийж явуулдаг байлаа.
БИ ОЛОН ШАВЬ НАРТАЙ. ТЭД МИНЬ САЙН ЯВАА
Би олон хүнд нүдний шил хийхийг бас засахыг заасан. Хамт ажиллаж байгаад салбарлаад явсан хүмүүс ч цөөнгүй байна. Шавь нар маань орчин үеийн тоног төхөөрөмжөөр сайхан, сайхан шил хийгээд маш амжилттай яваа. Би бол эвдэрч хэмхрээгүй ажиллаад, шил хийж болж л байгаа учир хуучин техник хэрэгслүүдээ ашигладаг юм. Бас гараараа уламжлалтаар засах тал дээр өөрийгөө маш сайн гэж боддог. Залуус орж ирээд амбасан үеийн техник хэрэгслийг минь хараад голж байгаа ажиглагддаг ч нүдний шилийг нь хийгээд өгсний дараа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлдэг. Тэр үед л би хөгширсөн хэдий ч хийж буй зүйл минь сайн хэвээрээ л байгаа юм байна. Би “үеэ өнгөрөөгөөгүй” юм байна гэж бодон өөртөө итгэх итгэл нэмэгддэг.
ӨГСНИЙГ Л АВАХ ЭСВЭЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЙЛЧЛЭХ ҮЕ ОЛОН БИЙ
Над дээр тэтгэврийн насны хүмүүс их орж ирдэг юм. Нүд нь мөнгөн дүнгээ ч харахгүй эсвэл бараг л зөнөсөн, эсвэл үнэхээр мөнгөгүй гэхдээ шилээ л засуулж авахгүй бол нүд нь юу ч харахгүй тийм ахмадууд их ирнэ. Тэр бүрд би тэд боллоо гээд мөнгө нэхээд байж чаддаггүй өгснийг нь л авна. Заримдаа “өө яах вэ” гээд үнэгүй үйлчлээд явуулна. Учир нь би 30 гаруй жил нүдний шил хийсэн хүний хувьд хараа гэдэг зүйл хүнд ямар чухал болохыг мэднэ. Цэвэрхэн бас буянтай сайхан ажил шүү дээ. Нүдээ юм харахаа больтол эсвэл гараараа эрэг шургаа барьж чадахаа больтол энэ ажлаа хийнэ гэж боддог.