Дүнжингаравын дэлбэрэлт болоод нэг жил тойрлоо. Ослын үйл явдалтай холбогдуулан энэ сарын 23-нд зул өргөхөөр болжээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 24-ний шөнө газ тээвэрлэж явсан машин дэлбэрч, Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон машинаар зорчиж явсан дөрвөн иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргээр гэмтэж байв.
Энэ хэргийг прокурорын байгууллагаас өчигдөр /2025.01.21/ нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Шүүхээс хэргийн материалыг хянаж буй талаар мэдээлсэн юм. Албан бус эх сурвалжийн мэдээллээр дэлбэрэлт болсон хэргээр “Дашваанжил” ХХК-ийн захирал, том оврын машины жолоочийг яллагдагчаар татжээ.
Гал түймрийн улмаас 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг.