Урлагийн бүхий л салбарт авьяас чадвараа сорьж, өөрийгөө бүхэлд нь дайчилж яваа “зогсошгүй”, үзэсгэлэнт бүсгүйг энэ удаагийн “Хөрөг” нэвтрүүлэгтээ урин оролцууллаа. Тэрээр их театрын тайзнаа хөл тавиад хэдий нь 20 жилийг үджээ.
ХҮҮХЭД БАЙХААСАА МӨРӨӨДСӨН ТАЙЗАН ДЭЭРЭЭ 20 ДАХЬ ЖИЛДЭЭ БҮЖИГЛЭЖ БАЙНА
Намайг Мягмарын Бямбаа гэдэг. Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин гэдгээр маань хүмүүс мэднэ. Би Хөгжим бүжгийн коллежийг бүжгийн жүжигчин гэдэг мэргэжлээр төгссөн. Сургуульд сурч байх үеэсээ л өөрийгөө Монголын хамгийн том театрын тайзан дээр бүжиглэж байгаагаар төсөөлдөг байлаа. Аав ээж маань намайг урлагийн хүн болгох тийм ч дуртай байгаагүй ээ. Урлагийн амьдрал тэр тусмаа урлаг эмэгтэй хүнээс хатуу чанга, тууштай,тэвчээртэй байхыг шаарддаг гэж их хэлдэг байсан. Гэсэн ч би шантарч, бууж өгөлгүйгээр энэ л театртаа 20 жилийг өнгөрүүлсэн байна. Одоо бодоход цаг хугацаа харвасан сум шиг өнгөрчээ. Түрхэн хугацаагаар ажлаасаа холдох ч юм уу декриттэй байх үед цэнхэр заалны минь хөлсний үнэр үнэртээд, заримдаа бүр зүүдлэгдээд хэцүү байдаг шүү дээ. Миний хувьд бүжиг, энэ улаан байшин, бүжгийн заалнаасаа холдоно гэдэг төсөөлшгүй тийм л мэдрэмж.
-Декрит гэснээс та гэр бүлээ танилцуулаач. Хэдэн хүүхэдтэй вэ?
-Би нөхөр хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг. Хоёр охинтой. Том охин маань насанд хүрээд саяхан Солонгос улс руу сургуульд сурахаар явсан. Бага охин маань 4 настай. Хань маань цэргийн байгуулагад ажилладаг хүн бий.
КИНО УРЛАГИЙН ГАЙХАМ САЙХАН ХИЙГЭЭД ХАТУУ ХӨТҮҮГ МЭДЭРСЭН
Миний хамгийн анхны тоглосон кино Хувьсал продакшны бүтээл “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” УСК. Найруулагч У.Уранчимэг эгч маань дүрийн сонгон шалгаруулалтад оролцоод үзэхийг санал болгосон юм. Зураг авалтын үеэр би зурагтай ч байсан зураггүй ч байсан өглөө 5 цагт босоод зохиолоо уншаад нүүр амаа будчихсан бэлэн сууж байдаг байсан. Тэр хичээл зүтгэл хийгээд тусалж дэмжсэн олон хүний ачаар дүрээ гаргаж чадсан. Уг киноноосоо хойш “Шуугиан таригч”, “Cool аав”, “Миний эхнэр тагнуулч”,”Манан зүсэгч”, гэх мэт 10 гаруй кино дэлгэцийн уран бүтээлд гол болон туслах дүрд тоглосон. Тиймээс дэлгэцэд дүрээ мөнхөлж үлдээх, кино урлаг ямар гайхалтай вэ гэдгийг бас мэдэрсэн.
-Таныг жүжигчин Х.Отгонтунгалагтай эндүүрэм адилхан гэдэг шүү дээ. Та үүн дээр ямар бодолтой явдаг вэ?
-Тийм ээ. Олон хүн тэгэж хэлдэг. Мундаг жүжигчин шүү дээ манай Отгонтунгалаг. Би хүндэлж явдаг бас фен нь. Хүмүүс их адилхан юм аа гэсээр байгаад бид хоёр бүр найзууд болчихсон шүү дээ(инээв). Тэр бүү хэл хамтдаа нэг брэндийн нүүр царай болоод зураг авалтад орж байсан.
ТАЙЗАН ДЭЭР ГАРАХААРАА ӨӨРӨӨСӨӨ ӨӨР ХҮН БОЛДОГ
Тайзан дээрээ гарахаар өөрөөсөө өөр хүн болчихсон юм шиг санагддаг. Ёсолчхоод тайзнаасаа буухаар нэг өөр хүн. Яг тайзан дээр гарахаараа нэг өөр хүн болчихдог юм шиг өөрийгөө мэдэрдэг. Хүмүүс хараад юу гэж боддогийг мэдэхгүй. Гэхдээ үзэгчдийнхээ алга ташилтаас, хүлээн авч байгаа тэр уур амьсгалаас үгээр илэрхийлэхийн аргагүй их аз жаргалыг мэдэрдэг. Тэр зүйлээр л тэтгэгдэж улам илүү хөглөгдөн ажиллаж амьдардаг юм болов уу гэж боддог доо
УРЛАГААР ДАМЖУУЛЖ, НИНЖИН СЭТГЭЛ ХАЙР ХҮНДЛЭЛИЙГ ТҮГЭЭДЭГ
Бид гаднын тэр гайхалтай сонгодог урлагийг ойлгодог, хүндэлдэг байх нь зүйн хэрэг. Үүний сацуу үндэсний урлагаа ч мөн тэр хэмжээнд бүр түүнээс ч илүү мэдэж, хайрлан хүндэлдэг байх ёстой болов уу. Хүүхэд, залуучууддаа хандан үндэсний урлагийн олон сайхан үзвэр, тоглолтууд тоглогддог шүү зорьж очин үзэж байгаарай гэж хэлье. Уран бүтээлчид бид соёл урлагаар дамжуулан мэдлэг боловсрол, нинжин сэтгэл, хайр хүндлэлийг түгээхийг зорьдог юм шүү.