Өнгөрөгч есдүгээр сард Итали улсад зохиогдсон Дугуйт цанын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 17 настай А.Хүслэн хүү түрүүлж бахдам амжилтыг үзүүлсэн билээ.Тэрээр Монголдоо төдийгүй Ази тивдээ анхны дугуйт цанын аварга болсон гэдгээрээ онцлог юм.Түүний гаргасан энэхүү амжилт европ тивийнхнийг алмайруулсан талаар хэвлэлүүд нь ч мэдээлж байжээ. Энэ амжилтын цаана хар багаасаа тууштай хичээллэсэн өөрийнх нь хичээл зүтгэлээс гадна гэр бүлийнх нь нөр их хөдөлмөр бий талаар залуухан аваргатай ярилцсанаа хүргэж байна.
БИ ХОЁР НАСТАЙДАА АНХ ХӨЛДӨӨ ЦАНА УГЛАЖ ҮЗСЭН
Амжилтынхаа талаар ярихад би гэр бүлийнхээ тухай заавал ярих шаардлагатай болдог. Яагаад гэвэл спортоор хичээллэх үндсийг маань тэд тавьж одоо ч бэлтгэл сургуулилт, хэрэглэл материалыг маань тэд л базааж байгаа учир. Ээж маань “Турин-2006”, “Ванкувер 2010” зэрэг олимпод эх орноо төлөөлөн оролцож байсан цанын олон улсын хэмжээний мастер Э.Очирсүрэн гэж эмэгтэй бий. 2006 оны Турины олимпод оролцоход би ээжийнхээ гэдсэнд 1 сартай “зөвшөөрөгдсөн допинг” гэх зөвшөөрөлтэйгөөр хамт уралдаж байсан талаар ээж маань ярьдаг юм. Иймээс миний спортын замнал их эрт эхэлсэн гэх үү дээ. Би 2 настайдаа анх хөлдөө цана углаж үзэж байсан бол дүү нар маань түүнээс ч багадаа цана углаж, цанаар хичээллэж эхэлсэн. Би 9 настайдаа анх дугуйн спортоор, 10 настайгаасаа цанын спортоор хичээллэсэн. Одоо энэ хоёр спортоор аль алинаар нь илүү их амжилт гаргах зорилготой бэлтгэл сургуулилтаа хийсээр байна.
ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО ГЭХ МЭДЭЭГ ДУУЛААД ААВ МААНЬ ИТГЭХГҮЙ НЭЛЭЭН ХЭД ХОНОСОН ШҮҮ
Барианд орж ирэх үедээ хажуудах хүүхдээсээ түрүүлж ирсэн эсэхээ ч мэдэхгүй гайхширсан байдалтай байсан. Хүмүүс л дэмжиж орилж байсан учраас түрүүлчихсэн юм байхдаа гэх бодол төрж байв.Түрүүлсэн болохоо баттай мэдээд хамгийн эхэнд ээж рүү залгасан.Ээж миний дуудлагыг авсан хэдий ч надтай огт яриагүй.Цаашаагаа хоёр дүүтэй хамт гэртээ орилоод, баярлаж гүйгээд л байсан. Аав маань уул уурхайн инженер хүн.Тэмцээн болох үеэр говьд ажил дээрээ байж таарсан юм. Аав бүр хэд хоногтоо итгээгүй гэсэн. Би дугуйт цанын дэлхийн аварга болчхоод үргэлжлүүлээд Швейцарт дугуйн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон юм.Тэгэхэд аав араас ирж миний медалийг барьж үзэж байж л дэлхийн аварга болсонд минь итгэсэн дээ.
МАНАЙ ГЭР БҮЛИЙН ХАМГИЙН ҮНЭТ ЗҮЙЛ ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ, ТУУШТАЙ БАЙДАЛ
Олон улсын тэмцээн уралдаанд оролцох, байнгын дасгал сургуулилттай байх гэдэг нь бусдын боддогоос их зардалтай зүйл л дээ. Надад одоогоор долоо, найман дугуй бий. Сүүлд дэлхийн аваргад оролцохдоо 12 сая,16 сая төгрөгийн 2 дугуй авах жишээтэй. Дугуйт цанаа ч мөн нэлээн үнэтэй авсан. Энэ мэтээр сэтгэл амар дасгал сургуулилтаа хийх тэмцээн уралдаанд оролцох бүхий л боломжоор хангаж байгаа хүмүүс бол аав ээж хоёр минь.Манайх Монголын дундаж давхаргад багтах жирийн л нэг айл шүү дээ. Гэвч аав ээж маань элдэв эд материал авах гэхээсээ илүүтэй бидний хүсэл мөрөөдөл ирээдүйд бүхий л байгаа зүйлээрээ хөрөнгө оруулалт хийдэг юм. Уралдаж байгаа цана юм уу дугуйг сайжруулж шинийг авах шаардлага үүсэхэд аав маань яаж ийгээд аваад л өгдөг. Тэгээд наадахаараа үзүүлээд өг гэж хэлдэг юм. Харин ээж маань бэлтгэл сургуулилтыг хариуцдаг. Үүний үр дүнд гараанаас гараад түрүүлэх мэдрэмж ямар сайхан гэж санана.