Бид энэ удаа АНУ-ын Нью-Йорк хотод амьдарч буй холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргалыг онцолж ярилцлаа. Тэрээр гүйлтийн спортыг бясалгал гэж тодотгон, өөрийгөө “гүйдэг лам” хэмээн онцоллоо. Түүний хувьд саяхан 5000 км замыг марафон гүйлтээр 48 хоногт туулж, амжилт гаргасан байна.
-Бидэнд цаг гаргасанд баярлалаа. Танд баяр хүргэе. Саяхан болсон тэмцээнийхээ талаар мэдээлэл өгөөч?
-Энэ тэмцээн 28 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. Би анх удаа оролцсон. 800 метрийн тойрог замаар тойрч гүйдэг. Өглөө 06 цагаас шөнийн 12 цаг хүртэл тойрч гүйгээд, шөнө зургаан цаг завсарладаг. 52 хоногийн турш үргэлжилж байгаа юм. Миний хувьд 48 хоног 13 цагийн дотор туулсан байгаа.
-Олон хүн оролцдоггүй юм байна шүү дээ.
-Тийм. Яг энэ замыг туулах чадвартай хүнийг шалгуураар оруулдаг. Олон жил гүйсэн туршлагатай, энэ замыг туулах чадвартай гэж харуулсан хүмүүсийг л оруулдаг. Америкчууд энэ тэмцээнээ 3100 миль гэж нэрлэдэг. 5000 км-т цаана нь 11 км дутуу байдаг. Тэгэхээр тамирчин бүр 3100 миль замаа дуусгаж барианд орчихоод, нэмэлтээр 11 км гүйдэг. Ингээд 5000 км гүйдэг. Хоёр удаа барианд ордог гэсэн үг.
-Сая хэдэн хүн ороод та хэдэд нь орсон гэсэн үг вэ?
-Сая 12 хүн тэмцээнд орсноос, би долоодугаарт орлоо. Нэгдүгээрт Италийн гүйгч эхэлж барианд орсон. Дараа нь Финланд, Тайван, Швейцарь, Орос орны зургаан хүн барианд орсон.
ДЭЛХИЙН АЛЬ Ч ГАЗРЫГ ТӨРСӨН НУТГАА Л ГЭЖ БОДДОГ
-Та таван жил энд амьдарч байна. Тэмцээндээ орох гээд энд байгаад байна уу? Хэзээ нутаг буцах вэ?
-Тэмцээндээ орох гээд л. Би энэ дэлхийг нутгаа гэж боддог шүү дээ. Энэ дэлхий гэдэг газар бол миний эх орон. Аль ч улс байсан. Би Тайландад нэг жил байсан. Хятадад тэрний өмнө нэг жил болсон. Хаа ч очсон, очсон газар болгоныг эх орон шигээ боддог.
-Гүйхээс бусад үедээ юу хийж байна. Яаж амьдарч байна.
-Гүйхээс бусад үеүдэд бэлтгэлээ хийнэ. Өөр тусгайлсан зүйл хийдэггүй.
-Орлого яаж олдог гэсэн үг үү?
-Тэмцээнүүдэд бол мөнгөн шагнал гэж байхгүй. Тэмцээнд орох үеүдэд л хүмүүс дэмжлэг үзүүлдэг.
ГҮЙЛТИЙН СПОРТ БОЛ БЯСАЛГАЛ
-Тэмцээнүүддээ ямар зорилго тавьж ордог вэ? Нэг тэмцээнд орохдоо дараагийн тэмцээнийхээ зорилгыг тавьдаг уу?
-Миний хувьд нэг талаараа хобби. Нөгөө талаараа гүйлтийн спорт бол бясалгал болдог. Нэг ёсондоо гүйлтийн бясалгагч хийгээд явдаг гэсэн үг. Яагаад гэхээр, хүмүүс гүйгээд үзэхэд л бясалгал гэдгийг мэдэрнэ. Аз жаргал, амар амгалан, одоо цагтаа орших, хүн ер нь бясалгал хийхээр ямар мэдрэмж авдаг юм, түүнийг бүгдийг нь гүйх үедээ авдаг. Энэ талаар буддын шашны лам хүний бичсэн ном байгаа. Холын зайн гүйлтийг санаачилсан хүн бол их олон ном бичсэн байдаг. Байгалийн жам ёсоор хүний амар амгалан, аз жаргалтай байхад тусалдаг хэрэгсэл гэсэн үг. Цаашдаа хүмүүсийг энэ сайхан зүйлийг мэдрээсэй гэж хүсдэг. Олон хүн гүйлтээр хичээллээсэй. Богино гүйлт бол богино бясалгал хийж байна гэсэн үг шүү дээ. Холын гүйлт бол илүү гүн, агуйд суугаад, олон хоног бясалгаж байгаа юм шиг л болж байгаа юм.
-Гэр бүлтэй юу? Гэр бүлтэй болох төлөвлөгөө бий юу?
Би чинь одоо ганцаараа. Гүйдэг лам шиг амьдарч байна. Гэр бүлтэй болж болно. Миний амьдралын хэв маяг их өөр шүү дээ. Амьдралд хандах хандлага ч өөр байгаа. Зохицож байвал хэн нэгэнтэй хамтраад л амьдарна.
-Монголдоо байгаа гэр бүлийхнийгээ санаж байна уу?
Гайгүй дээ. Би бүх л хүнийг төрсөн аав, ээж, ах, дүүс шигээ боддог.
МАШИНДАА АМЬДРАХ ТИЙМ Ч МУУ БИШ
-Аялаад л яваад байдаг юм байна шүү дээ.
-Байнга нэг газраа байх чинь уйтгартай шүү дээ. Би чинь нүүдэлчин монгол хүн. Нью-Йорк чинь өвөл болохоор цас ордог. Тэгэхээр байнгын зун болдог, далайн эрэг дээр очно. Миний машин маш том өргөн ортой, хөргөгчтэй аяллын машин. Машиндаа амьдарна. Энэ тэнд айлууд байна. Гэртээ уриад байлгадаг. Янз бүрийн сүмд байж болно. Машиндаа байсан ч тухтай.
-Та яагаад амьдралын ийм хэв маягтай болов? Гүйж эхэлснээсээ хойш ийм болов уу? Өөр шалтгаан байв уу?
-Амьдралаар эрхээр гэдэг шиг. Тэмцээнд ороод л явна. Буудаллах гэхээр хэцүү шүү дээ. Хамгийн хямд зардал нь машиндаа амьдрах байгаа юм. Азаар үүндээ би дуртай байгаа юм. Дуртай газраа хоноод л эрх чөлөөтэй байгаа юм. Байрны түрээс гэх мэт мөнгөнд хавчигдах зүйл байхгүй. Ажил хийж мөнгө олох хэрэгтэй ч гэдэг юм уу, хэцүү шүү дээ.
-Гэхдээ одоо бензиний мөнгө олно биз дээ?
-Түрээсийн мөнгөнөөс бензиний мөнгө хамаагүй бага.
-Тэр мөнгөө яаж олдог вэ?
-Би хүмүүст зөвлөгөө өгдөг юм. Намайг дэмждэг хүмүүс бий. Тэд мөнгө хааяа явуулна. Нэхээгүй байхад л явуулдаг. Тэгээд л хүмүүст зөвлөгөө өгдөг. Хэрхэн амар амгалан байх, хэрхэн өөрийгөө ялах тухай.
-Ажил хийе гэж боддог уу?
-Хүнд зөвлөгөө өгөх чинь ажил шүү дээ. Стресс, депресстэй байгаа хүнд хэрхэн өөрийгөө дийлж, архи, тамхинаас гарах, хэрхэн сая доллартай болох ч гэдэг юм уу, зөвлөгөө өгдөг.
-Бидэнд цаг гаргасан танд баярлалаа. Танд дахин баяр хүргэе. Цаашдын ажилд нь амжилт хүсье.
-Баярлалаа.
Wtf. Elegant eleg
1 say dollartai boloogui baij yaj 1 say dollartai boloh zuvulguu ugdug yum bol