Өнөөдөр бол орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум дүүргийн төлөөлөгчдөө сонгох өдөр. Энэ өдөр иргэдийг сонгуулиа идэвхтэй өгөх боломжоор хангахын тулд бүх нийтээрээ амарч байгаа билээ. Энэ жилээс эхлэн орон нутгийн сонгуулийг хуулиараа ирц хамаарахгүй болгосон. Өмнө нь 50 хувь дээр нэмэх нь нэг хувийн ирцдээ хүрээгүй бол тухайн тойргийн сонгуулийг дахин зохион байгуулдаг байв. Тиймээс ирц бага байх нь ялах магадлал бүхий намд ашигтай байх нь.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн иргэд энэ удаагийн орон нутгийн сонгуульд хэр идэвхтэй оролцох, нийслэл, дүүрэгт өөрийгөө төлөөлөх хүнийг сонгохдоо ямар шалгуур тавьж байгаа болоод орон нутгийн сонгуульд хэр ач холбогдол өгдөг талаар сурвалжиллаа.
Ж.Эрдэнэчимэг /67 настай/: Сонгуулиа заавал өгнө. Дараагийн дөрвөн жилд бид ямар орчин нөхцөлд хэрхэн амьдрах вэ гэдгийг шийдэх сонгууль шүү дээ. Тиймээс залуусыгаа ч бас сонгуулиа өгөхийг уриалж байна. Юуны төлөө бүтэн өдөр амарч байгаа билээ иргэний үүргээ биелүүлээрэй. Чамд хамгийн хурдан үр дүн нь мэдрэгдэх шийдвэрүүдийг хороо дүүргийн төлөөлөгчид гаргадаг шүү гэдгийг хэлмээр байна.
Б.Уянга /26 настай/: Намын гишүүд мөрийн хөтөлбөртэй материалаа оруулж ирж өгсөн. Бага зэрэг гүйлгэж харсан. Хөдөө, орон нутгийн сонгуульд оролцох нь зүйтэй л гэж бодож байна.
Д.Тулга /19 настай/: Сонгууль өгөх эсэхээ сайн мэдэхгүй байна. Ямар хүмүүс дэвшиж байгааг нь гэрийн ойролцоо тавьсан олон самбаруудаас харсан. Гэхдээ хэн нь ч гарсан өөрчлөлт гарахгүй гэж бодож байгаа учир сонгуульд тийм их ач холбогдол өгөхгүй байгаа.
Б.Батмягмар/71 настай/: Одоо сонголтоо өөрчлөөд үзмээр байна. Засгийн эрх барьж байгаа намыг энэ олон жил юу хийж чадахыг нь харлаа. Хотын байр байдал дээрдсэн юм алга. Сонгуульдаа идэвхтэй оролцож энэ бүхнийг өөрчлөх ёстой гэж бодож байна.
О.Номин-Эрдэнэ /20 настай/ : Анхны сонгууль учир оролцоно гэж бодож байна. Гэрээр ирсэн материалуудаас нэр дэвшигчдийн хийж хэрэгжүүлсэн ажил, мэргэжил, боловсрол зэргийг харсан. Тиймээс нам гэхгүй хийж бүтээсэн бас боловсролоороо ялгарч байгаа хүнд л өгнө дөө.
Үүнээс харахад ахмадууд маань уг сонгуульд идэвхтэй оролцдог, үр дүнг нь мэддэг бол залуус маань харьцангуй нэр дэвшигчдийн талаар мэдээ мэдээлэл дутмаг мөн орон нутгийн сонгуулийн үр ашгийг мэддэггүй болохыг анзаарч болох юм. Гэтэл энэ сонгууль бидний алхам тутам тулгардаг асуудлууд буюу гэрийн ойролцоох зам, гэрэлтүүлэг, хог, автобусны буудал гэх мэт асуудлуудыг шийдвэрлэж өгч чадах хүнийг сонгох чухал сонгууль шүү дээ. Бидэнд хамгийн ойр бидний тав тухтай, тайван амьдрах боломжийг хангаж өгөх хүмүүсийг сонгох гэж байна гэдгээ бүгд ухамсарлах л хэрэгтэй. Бид дарга сонгох гээгүй тэд ямар нэгэн даргын албыг хаших гээгүй бид зүгээр л дүүрэг нийслэлд намайг төлөөлж шийдвэр гаргах, амьдрах орчинг маань сайжруулах бүтээн байгуулалтын зардлыг төсөвт тусган баталж өгөх үүрэгтэй хүнийг сонгож буй хэрэг юм.