Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хорооны сонсгол өнөөдөр /2024.04.15/ Төрийн ордонд 09.00 цагт эxэлсэн. Үдээс хойших хуралдаан 14.00 цагаас эхэллээ. Хөнгөлөлттэй эмийн зохицуулалттай холбогдуулан 19 хүнийг гэрчээр дуудссанаас 15 нь иржээ. Дөрвөн гэрч тодорхой шалтгааны улмаас ирэхгүй гэдгээ мэдэгдсэн байна.
Тодруулбал,
- Эрүүл мэндийн сайд асан Д.Сарангэрэл 2024.04.15-18-ны өдрүүдэд гадаадад томилолтой тул оролцох боломгүй.
- 2018,2020,2022 оны ЭМДҮЗ-ийн гишүүн Ц.Ганхүү Баянхонгорт томилолтой тул ирэх боломжгүй.
- 2018,2020, 2022 оны ЭМДҮЗ-ийн гишүүн Д.Чимиддагва орон нутагт ажилтай тул ирэх боломжгүй.
- 2020 оны ЭМДҮЗ-ийн гишүүн Ц.Цолмонгэрэл 2024.04.12-ноос хойш утас нь холбогдохгүй байгаа. Холбоо барьж чадаагүй байна.
Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад ороогүй хэрнээ хөнгөлөлттэй эмийн жагсаалтад орсон эмийг шалтгаанаар нь аваад үзэхэд:
- Ковидийн дараах амьсгалын замын хүндрэл ихэссэнтэй холбоотой ХОЁР ЭМ
- ЭМДҮЗ-ийн 13 тогтоолд байсан гэх тайлбартай ТАВАН ЭМ
- Өнчин эмийн 2017 оны жагсаалтад орсон НЭГ ЭМ
- Бодлогоор бүртгэх 2021, 2022 оны эмийн жагсаалтаас ХОЁР ЭМ
- ЗГ-ын 2022.06.15-ны өдрийн тэмдэглэл, ЭМЯ-наас чиглэлийн дагуу орсон 40 ЭМ
- ЗШЭЖ-тай нийцэж буй 111 ЭМ байна.
Процессын тухайд, Засгийн газар 2022.06.15-нд хуралдаж, тархины саа, саажилт, уналттай хүүхдийн уналт таталтын эсрэг эм бэлдмэлийн төлбөрийг төрөөс хариуцан эмийн жагсаалтад оруулахыг үүрэгдсэн байна. Үүргийн дагуу 2022.07.25-нд Хүний эмийн зөвлөл 44 нэрийн уналт таталтын эм хэлэлцэж, дөрөв хоногийннн дараа буюу 07.29-нд ЭМ-ийн сайд уналт таталтын 44 эмэнд импортын лиценз олгожээ.
Импортын лицензтэй уналт таталтын 44 эмийн дунд тураах, энерги үүсгэх, бие мах бодийн сэргэлтийг дэмжих зорилгоор хэрэглэдэг Л-карнитин гэх эмийг оруулж, импортын лиценз олгосон байна.
Түр хорооны хянан шалгагчийн тайлан бүхий дүгнэлтэд дурдагдсан бас нэг ноцтой асуудал нь: Хүний эмийн зөвлөлийн хурлаар орж, ЭМ-ийн сайдын тушаалаар Эм, эмийн түүхий эд, биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлийн журмын 1.8 дахь хэсгийг зөрчиж бүртгэгдсэн 17 нэршлийн 217 худалдааны эм хөнгөлттэй эмийн жагсаалтад орсон байна.
Хянан шалгагч ийнхүү дүгнэлтээ танилцуулсаны дараа түр хорооны гишүүд гэрчүүдээс асуулт асууж байна.