БАРЫН БАГТАЙ ХҮН – БАНКИР Г. ДӨЛГӨӨН
Энэ удаа барын багтайгаар та бүхэнд таалгасан хүн бол банк санхүүгийн салбарт чамгүй туршлага хуримтлуулж яваа залуусын нэг, эдийн засагч Ганбямбын Дөлгөөн юм.
Ингээд түүний тухай гурван сэжүүрийн тайллыг хүргэе.
Тайлал нэг – Нээлттэй хүн
Өндөр дүнтэй, өргөн цар хүрээтэй төсөв мөнгөний асуудлаар албан тушаалтнууд ам нээхээс аль болох жийрхдэг. Харин цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх зорилготой 10 их наядын хөтөлбөр”-ийн талаар бүх шатанд хамгийн их нээлттэй мэдээлэл өгч байсан хүн бол тухайн үед Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Г.Дөлгөөн юм.
Жишээ нь, УИХ дээр зарим гишүүн улс төржсөн хандлагаар мушгиж асуусан ч төв банкийг төлөөлж байгаа хүний хувьд түгдрэлгүй хариулж, төсвөөс болон арилжааны банкуудын эх үүсвэрээр тухайн хөтөлбөрийг хэрхэн санхүүжүүлж, хэдий хэмжээний зээл олгосон, ямар үр дүн гарч байгаа гэх мэт мэдээллийг яг таг өгсөөр ирсэн.
Тайлал хоёр – Ажлын туршлага
Ганбямбын Дөлгөөн 2008 онд МУИС-ийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр төгссөн. Төгссөн даруйдаа Монголбанканд нягтлан бодогчоор ажилд орж, долоон жилийн дараа Ахлах хянан шалгагч, 12 жилийн дараа Тэргүүн дэд ерөнхийлөгч болсон байдаг. Өөрөөр хэлбэл, тэр ажил мэргэжлийн хувьд гишүүн асан аавынхаа нэр нөлөөгөөр бус мэрит зарчмаар өгсжээ гэсэн үг.
Түүнчлэн, энэ хугацаанд зөвхөн төв банканд ажиллаагүй. Люксембургийн их сургуульд банк санхүүгийн мастер хамгаалж, тус улсын томоохон хөрөнгө оруулалтын санд шинжээчээр ажиллаж байсан. Мөн Хөгжлийн банкны Дэд захирал, Төрийн банкны Гүйцэтгэх захирлын албыг ч хашиж, банк санхүүгийн салбарт тодорхой реформуудыг хийсэн нэгэн.
Гэлээ ч улс төрчид холбогдсон том хэргүүдийн шуурганд мөрөөрөө ажлаа хийж яваа залуус хэзээд өртөж байдгийн жишгээр энэ залуу ч бас хуулийн байгууллагад чамгүй удаан шалгуулаад авсан. Ямартай ч өдгөө түүнтэй холбоотой ямар нэгэн гэм буруу тогтоогдоогүй байна.
Тайлал гурав – Гишүүн асны хүү
Дөлгөөний аав Н.Ганбямба УИХ-д гурван удаа сонгогдсон архаг улс төрчдийн нэг. Тэрээр 2016 онд дахин сонгогдох боломж байсан ч гишүүн болохоос илүүтэй орон нутагтаа ажиллахыг чухалчилж, аймгийнхаа Засаг дарга болж үлдсэн юм.
Харин өдгөө хүү нь аавынхаа замналаар гишүүн болохоор зэхэж байгаа гэх мэдээлэл бий. Г.Дөлгөөн 2023 он гарахын өмнөхөн албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзсан нь дээрх мэдээллийг баталдаг.