Өнгөрсөн гуравдугаар сард цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг гарч олон нийтийг цочирдууллаа. Эл хүний санаанд үл багтам жигшүүрт хэргийн тухай Өрөг.мн сайт баримт нотолгоо дээр үндэслэн мэдээллийг дамжуулж нийгэмд шүгэл үлээв. Олон Улсын сэтгүүл зүйд гэмт хэргийг сурвалжлах хоёр үндсэн шалтгаан бий. Энэ нь хохирогч болж болзошгүй олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх, гэмт хэрэг үйлдэгчдэд хийсэн хэрэг нь баригддаг юм шүү гэдгийг ойлгуулахад чиглэдэг юм.
Ташрамд дурдахад Өрөг.мн сайтын хоёр сурвалжлах баг ээлжлэн Сэлэнгэ аймагт гурван өдөр дөрвөн шөнө ажиллаж доорх цогц мэдээ сурвалжилгыг үзэгч та бүхэнд хүргэсэн. Ингээд олон нийтэд хүргэсэн нийт мэдээллийг багцлан та бүхэнд хүргэе
2024.04.03
Шуурхай мэдээ: Цагдаагийн дөрвөн алба хаагч 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг урьдчилсан байдлаар тогтоогдлоо
Манай улсын төвийн бүсийн нэгэн аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарчээ. Бид охины алдар хүнд, аюулгүй байдлын үүднээс аймаг сумын нэр болон охинтой холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг дурдахгүй.
Манай сурвалжлах баг тухайн хэрэг гарсан аймаг руу явж ажиллаад ирлээ. Охины ар гэр, асран хамгаалагч нар мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Хэргийн тухайд,охин гэрээсээ дайжсан тул ар гэрийнх нь хүсэлтээр аймгийн цагдаагийн газар эрэн сурвалжилж эхэлжээ. Цагдаа нар ажил үүргийн шугамаар олж авсан мэдээлэлдээ үндэслэн охинтой холбоо тогтоосон байгаа юм. Тодруулан хэлбэл, цагдаа нарын нэг болох ахлагч цолтой залуу гэртээ охиныг авчраад бусдыгаа дуудсан байгаа юм. Ингээд Э, Э, Э, Б гэсэн дэслэгч, ахлах цолтнууд нийлж хэргийг үйлдсэн бөгөөд аймгийнх нь цагдаагийн газар дотооддоо хэргийг шалгаж, урьдчилсан байдлаар хүчирхийлсэн болохыг нь тогтоочхоод буй. Охинтой бичсэн чат, дуудлага гэх зэрэг олон нотлох баримтаар эл үйл явдал гэрчлэгдэж байгааг эх сурвалжууд хэлж байгаа юм.
Урьдчилсан байдлаар нотлогдсон тул Улаанбаатар хот дахь мөрдөн байцаах албаны дэргэдэх тусгай субъект рүү хэргийг шилжүүлсэн ба одоогоор тусгай субъект хэргийг шалгаж байгаа аж. Харин охиныг хүчирхийлсэн алба хаагчид одоог хүртэл ажлаа хийсэн байдалтай байна.
Бид эл хэргийн хүрээнд “Өсвөр насны хүүхдийн өөрийн үнэлэмж болон түгшүүр”-ийг харьцуулж, магистрын зэргээ хамгаалсан сэтгэл судлаач Ш.Хонгорзултай ярилцлаа.
-Охин гэрээсээ дайжсанаас үүдэн гэмт хэргийн хохирогч болох шалтгаан нөхцөл бүрджээ. Ер нь өсвөр насны хүүхэд гэрээсээ ямар шалтгааны улмаас дайждаг юм бол?
-Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог тогтворгүй байдаг. Амархан уурладаг. Амархан гомддог. Сэтгэл хөдлөл өндөртэй байдаг. Сэтгэл хөдлөл өндрөөсөө болоод, алдаатай ямар нэгэн буруу шийдвэр гаргах магадлал өндөр болдог.
Тайван, аюулгүй байдлыг хүүхэд гэр бүлийнхнээсээ мэдрэх ёстой. Үе, үе гэрээсээ дайжаад байна гэдэг эцэг, эхийнх нь харилцаанд болон хүүхэдтэйгээ харилцах харилцаанд нь ямар нэгэн асуудал байх магадлалтай гэсэн үг л дээ. Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцдаггүй, сонсдоггүй, анхаардаггүй байх талтай ч юм уу.
-Өсвөр насны хүүхэдтэй аав, ээжүүд хүүхэдтэйгээ хэрхэн харилцах ёстой юм бэ?
-Эцэг эхчүүд хүүхдээ гурав хүртэл насанд нь үйлдэл бүр дээр нь анхаарч, туслаад, зөвлөөд явдаг хэрнээ одоо том болчихлоо, биеэ даачихна гээд анхаарал, хяналтаа сулруулчихдаг. Бага насанд нь анхаардаг шигээ өсвөр насанд нь дахин нэг анхаарал халамж тавьж, сонсож, ярилцах хэрэгтэй. Хүүхдээ шүүмжлэхгүйгээр сонсох, нээлттэй сайн яриулах нь чухал.Яг өөд, өөдөөсөө харж суугаад дуу хөгжим гэх мэт анхаарал сарниулах элдэв юмсгүйгээр орчин бүрдүүлж ярих нь чухал.
-Гэрээсээ дайжаад, зан ааш нь өөрчлөгдөөд байгаа хүүхдэдээ хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авч, хэрхэн харьцвал зөв бэ?
-Хүүхдээ хэнтэй, хэзээ, хаана найзалж, нөхөрлөж байна гэдгийг хөндлөнгөөс ажиглаж байх хэрэгтэй. Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ өөрийнхөө сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн байдлаараа “тэгэх ёстой”, “ингэх ёстой”, “битгий” гэж зөвлөөд байдаг. Хүүхдийнхээ төрөлх сэтгэл зүйн онцлогийг нь таньж мэдэх хэрэгтэй. Ингэхийн тулд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч, сэтгэл зүйн онцлогийн тодорхойлолт хийлгэх нь зохимжтой.
-Гэмт хэрэгт өртсөний дараа сэтгэл зүйн засал, эмчилгээ үйлчилгээ заавал хийлгэх ёстой юу, хийлгэхгүй удвал ямар сөрөг үр дагавартай вэ?
-Ялангуяа бэлгийн хүчирхийлэлд өртсөний дараа сэтгэл заслын тусгай эмчилгээ, зөвлөгөөнд заавал явах шаардлагатай. Сэтгэл заслын эмчилгээ авахгүй бол сэтгэлийн шарх үүснэ. Сэтгэлийн гэмтлээсээ болоод насанд хүрсэн хойноо магадгүй амиа хорлох, хүнтэй суусны дараа нөхөртэйгөө харилцах харилцаанд нь асуудал гарна. Энэ мэтээр харилцааны ямар нэгэн асуудал насан туршид нь дагана аа гэсэн үг. Хэрэг үйлдсэн цагдаа нарын тухайд ч сэтгэл зүйн асуудал байх магадлалтай гэж үзэж байна.
-Тэгэхээр хүүхдэдээ сайн анхаарч, ярилцахгүй бол гэмт хэрэгтэн, эсвэл гэмт хэргийн хохирогч болох магадлал өсдөг байх нь ээ?
– Тийм.
2024.04.04
ДӨРВӨН ЦАГДААГИЙН ХОЁР НЬ ХЭРГЭЭ ХҮЛЭЭСЭН БА ТЭДНИЙГ БАРИВЧЛАХААР ЦЕГ-ЫН ДАРГА ЯВЛАА
Манай улсын төвийн бүсийн нэгэн аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан юм. Дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр албан хаагч өөрсдөө хүлээн зөвшөөрсөн байна.
Тэд ажлаа хийж байсан бөгөөд одоогоор түр түдгэлзүүлж, шалгаж байгаа юм. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд хэрэгт холбогдсон алба хаагчдыг баривчлахаар тухайн орон нутаг руу явжээ. Тодруулбал, тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үүрэг болгосноор ийнхүү тухайн аймаг руу явсан гэнэ.
2024.04.05
НЭГИЙГ НЬ 48 ЦАГ СААТУУЛСАН БӨГӨӨД ХЭРГЭЭ ХҮЛЭЭГЭЭГҮЙ ХОЁР ЦАГДАА ГЭР БҮЛТЭЙ
Манай улсын төвийн бүсийн нэгэн аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан юм. Дээрх албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон бөгөөд хоёр нь хэргээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг албаны хүмүүс хэлж буй. Тэд ажлаа хийж байсан бөгөөд одоогоор түр түдгэлзүүлж, шалгаж байгаа билээ.
Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр, хэргээ хүлээсэн хоёр хүний нэгийг өчигдөр (2024.04.04) хойшлуулшгүй ажиллагаагаар 48 цаг саатуулсан байна. Харин хэргээ хүлээсэн өөр нэг алба хаагчийг цагдан хорих эсэхийг өнөөдөр шийдэх аж.
Манай сурвалжлах баг хэрэг гарсан аймагт ажиллаж буй бөгөөд хэргийг үйлдсэн дөрвөн алба хаагч цагдаагийн байгууллагад 1-8 жил ажилласан, 22-30 насных. Хэргээ хүлээгээгүй хоёрын тухайд гэр бүлтэй гэсэн мэдээллийг өглөө.
2024.04.05
ОХИНЫГ ХҮЧИРХИЙЛСЭН ГЭХ ЦАГДАА НАРЫН ЗАРИМ НЬ ГЭМТ ХЭРГИЙН БҮРТГЭЛТЭЙ
Төвийн бүсийн аймагт дөрвөн цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг өнгөрсөн сард гарчээ. Албан хаагчид уг хэргийг үйлдсэн болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. Тэдний хоёр нь хэргээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг эх сурвалжууд мэдээлж буй. Хэрэгт холбогдсон цагдаа нар ажлаа хийж байсан бөгөөд одоогоор түр түдгэлзүүлэн шалгаж байна.
Хэргийг Э, Э, Э, Б гэсэн дөрвөн албан хаагч үйлдсэн. Хоёр нь гэмт хэрэг зөрчил гаргаж байсан ял эдэлж байгаагүй гэх мэдээлэл байна. Тэд цагдаагийн байгууллагад 1-8 жил ажилласан бөгөөд 23-34 насных аж.
- Сэжигтэн нэг. Э нь эхнэр, хүүхэдтэй. Бүрэн дунд боловсролтой. Цагдаагийн байгууллагад 2019 оноос хойш ажиллаж байгаа.
- Сэжигтэн хоёр. Э нь эцэг, эхийн хамтаар амьдардаг. Цагдаагийн байгууллагад 2019 оноос ажиллаж байгаа, дээд боловсролтой.
- Сэжигтэн гурав: Э Сэлэнгэ аймагт түр оршин суух хаягийн бүртгэлтэй.
- Сэжигтэн дөрөв: Б нь 2023 оноос эхлэн ажиллаж буй. Дээд боловсролтой.
2024.04.07
СЭЛЭНГИЙН ДӨРВӨН ЦАГДАА ОХИНТОЙ 12 НАСТАЙГААС НЬ БЭЛГИЙН ХАВЬТАЛД ОРЖЭЭ
Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охинтой 12 настайгаас нь бэлгийн хавьталд орж, хүчирхийлсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Эл хэргийг үйлдсэн гэх алба хаагч Э-г шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьсон бол өчигдөр үлдсэн гурван албан хаагчийг 48 цаг саатуулж, таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээ авах хүсэлтийг АТГ-аас орон нутгийн прокурорт өгчээ. Энэ хэргийг ЦЕГ биш АТГ үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. Хуулийн дагуу цагдаагийн үйлдсэн гэмт хэргийг АТГ шалгадаг аж.
Сэлэнгэ аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гарсан. Эл хэргийн эргэн тойронд болсон үйл явдлыг тоймлон хүргэж байна.
Хэргийг үйлдсэн гэх Э, Э, Э, Б нар нь хэргийн талаарх мэдээ цацагдсан өглөө хүртэл ажлаа хийж байсан бөгөөд ЦЕГ-аас тухайн өдөр хийсэн мэдээлэлдээ үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн гэж хэлсэн. Үүнээс хэвлэл мэдээллийн байгууллагууд эл хэргийг мэдээлээгүй бол хэрэг үүсгэж, шалгаж эхлэхгүй байж мэдэх байсан гэх дүр зураг харагдаж буй юм.
Дөрвөн алба хаагчийн нэгийг 30 хоногийн хугацаатайгаар баривчилсан бөгөөд өчигдөр (2024.04.07) үлдсэн гурван алба хаагчийг 48 цаг саатуулжээ. Тэднийг цагдан хорих эсэхийг шийдэх хурал өнөөдөр болно. Хэргийг ЦЕГ биш АТГ үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. Учир нь цагдаагийн үйлдсэн гэмт хэргийг АТГ шалгадаг хуулийн зохицуулалттай аж.
Хэргийг үйлдсэн гэх дөрвөн албан хаагч цагдаагийн байгууллагад 1-8 жил ажилласан бөгөөд 23-34 насных. Хоёр нь гэмт хэрэг зөрчил гаргаж байсан ба ял эдэлж байгаагүй. Нэг нь бүрэн дунд боловсролтой, гурав нь дээд боловсролтой. Мөн нэг нь гэр бүлтэй.
2024.04.08
СЭЛЭНГЭ АЙМАГТ ХЭН, ХЭН ОЧИЖ, ХЭНД ХАРИУЦЛАГА ТООЦОВ?
Хэргийн тухай хэвлэлд мэдээлэгдсэний дараа эх, хүүхдүүд цаг бусаар нас барж, хүчирхийлүүлж байхад хэлээ огтлуулсан мэт чимээгүй сууж, байнга л хүний эрхийн мэдрэмжгүй хэмээн цоллуулдаг эмэгтэй гишүүдээс Д.Өнөрболор, С.Одонтуяа нар хамгийн түрүүнд дуугарсан юм. Тэд салбарынх нь сайдыг энэ асуудалд анхаарахыг шаардсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр урьдчилсан дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, нөлөөлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байдаг.
Дээрх процессын дараа ЦЕГ-аас мэдээлэл хийж, цагдаагийн нэр бүхий алба хаагчид насан хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орсон байж болзошгүйг өөрсдийн хяналт, шалгалтаар илрүүлсэн тухай мэдэгдсэн. Мөн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр, ЦЕГ-ын дарга Т.Сүхболд нарыг хэргийг нуун дарагдуулсан хэмээж, улс төрийн хариуцлага хүлээн огцор гэж Ерөнхий сайд тэргүүтэй хүмүүст шаардлага хүргүүлсэн юм.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа таг чиг. Сайдаас гадна Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн сэтэр түүнийг дагадаг. Тэр ч утгаараа энэ асуудал дээр хамгийн түрүүнд дугарч, эрх үүргийнхээ хүрээнд нэн яаралтай ажиллах учиртай байсан. Гэвч Сэлэнгэ рүү ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар очиж ажилласны ар дээр амралтын өдрүүдэд оччихоод ирж. Түүний тухайд хэргийн талаарх мэдээллийг аваагүй байж байгаад хэвлэлээс л анх авсан гэх. Угтаа Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга ХНХЯ-ны газрын даргадаа мэдэгдэж, яамных нь газрын дарга Х.Булгантуяа сайдад хэлсэн байх учиртай. Сэлэнгэ аймгийн газрын даргаар П.Оюун гэж эмэгтэй бий. Тус аймагт очиж ажиллах үеэрээ манай сэтгүүлч У.Болортуяа уулзсан бөгөөд тэрбээр “Охиныг өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хамгаалалтад байлгасан” гэж ярьсан байна. Гэтэл охинтой өнгөрсөн оны 10 сараас хойш цагдаа нар бэлгийн харьцаанд орсон байгаа юм. Үнэхээр л хамгаалалтдаа байлгасан бол сэтгэл санаа болон бусад зүйлсийг нь анзаарсан байх учиртай. Хэдхэн долоо хоног хамгаалах байранд байлгачхаад, сэтгэл заслын эмчилгээ ч хийлгэлгүй ээжид нь өгөөд явуулчихсан байгаа юм. П.Оюун гэх газрын дарга хэргийг яагаад дээш нь мэдэгдээгүй нуув. Яагаад хариуцлагын асуудал яригдахгүй байна вэ, Х.Булгантуяа сайд аа. Таны өмнөхөн очиж ажилласан хүмүүс адаглаад
- Аймгийн цагдаагийн дарга Ж.Энх-Одыг Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн дэд даргаар,
- Аймгийн цагдаагийн хэв журмын тасгийн дарга, дэд хурандаа Л.Нандинбаатарыг Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 2-р хэлтсийн хэв журмын ахлах байцаагчаар тус, тус тушаал бууруулчхаад ирсэн байх.
- Гэтэл та Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын албан хаагчдад арган зүйн зөвлөгөө өгчхөөд л ирсэн гэх юм.
2024.04.09
Х.БУЛГАНТУЯА САЙД АА, СЭЛЭНГИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ГАЗРЫН ДАРГА П.ОЮУНД ХАРИУЦЛАГА ТООЦОХГҮЙ ЮМ УУ
Сэлэнгэ аймагт цагдаагийн газрын даргынх нь жолооч, гурван цагдаа нийлж 13 настай охиныг хүчирхийлсэн гэх хэрэг гарсан билээ.
Хэргийн тухай хэвлэлд мэдээлэгдсэний дараа эх, хүүхдүүд цаг бусаар нас барж, хүчирхийлүүлж байхад хэлээ огтлуулсан мэт чимээгүй сууж, байнга л хүний эрхийн мэдрэмжгүй хэмээн цоллуулдаг эмэгтэй гишүүдээс хамгийн түрүүнд Д.Өнөрболор, С.Одонтуяа нар дуугарсан юм. Тэд салбарынх нь сайдыг энэ асуудалд анхаарахыг шаардсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр урьдчилсан дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, нөлөөлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байдаг.
Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа таг чиг. Сайдаас гадна Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн сэтэр түүнийг дагадаг. Тэр ч утгаараа энэ асуудал дээр хамгийн түрүүнд дуугарч, эрх үүргийнхээ хүрээнд нэн яаралтай ажиллах учиртай байсан. Гэвч Сэлэнгэ рүү ЦЕГ-ын дарга Т.Сүхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар очиж ажилласны ар дээр амралтын өдрүүдэд оччихоод ирж. Түүний тухайд хэргийн талаарх мэдээллийг аваагүй байж байгаад хэвлэлээс л анх авсан гэх. Угтаа Сэлэнгэ аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын дарга ХНХЯ-ны газрын даргадаа мэдэгдэж, яамных нь газрын дарга Х.Булгантуяа сайдад хэлсэн байх учиртай.
Сэлэнгэ аймгийн газрын даргаар П.Оюун гэж эмэгтэй бий. Тус аймагт очиж ажиллах үеэрээ манай сэтгүүлч У.Болортуяа уулзсан бөгөөд тэрбээр “Охиныг өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хамгаалалтад байлгасан” гэж ярьсан байна. Гэтэл охинтой өнгөрсөн оны 10 сараас хойш цагдаа нар бэлгийн харьцаанд орсон нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа юм. Үнэхээр л хамгаалалтдаа байлгаж байсан бол сэтгэл санаа болон бусад зүйлсийг нь анзаарсан байх учиртай. Хэдхэн хоног хамгаалах байранд байлгачхаад, сэтгэл заслын эмчилгээ ч хийлгэлгүй ээжид нь өгөөд явуулчихсан байгаа юм. П.Оюун гэх газрын дарга хэргийг яагаад дээш нь мэдэгдээгүй нуув. Яагаад хариуцлагын асуудал яригдахгүй байна вэ, Х.Булгантуяа сайд аа.