АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ирэх Даваа гараг гэхэд Израил, Хамасын мөргөлдөөнд гал зогсоох найдлага байгаа талаар хэлжээ. Тодруулбал, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх гал зогсоох хэлэлцээр хэрэгжихэд тун ойрхон байгаа, талуудтай хамтарч ажиллаж байгаа талаар Жо Байденд хэлсэн аж. Түүнчлэн талууд барьцааны хүмүүсийг суллах асуудлаар тодорхой ойлголтод хүрсэн гэж Жэйк Салливан хэлжээ. Гэхдээ эдгээр хэлэлцүүлгийн талаар нэгдсэн ойлголттой болохын тулд зуучлагч орнууд болох Египет, Катар улсын төлөөлөгч нар Хамас бүлэглэлтэй тусдаа уулзах шаардлагатай байгаа юм байна. Байлдааны талбарын тухайд, Израилийн арми Рафах хотыг онилсон хуурай замын довтолгоо хийхээр төлөвлөж байгаа. Энэ хотод ойролцоогоор 1.5 сая гаруй Палестин иргэд орогнож буй. Израилийн ерөнхий сайд Б.Нетаньяху иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвоөгөө гаргаж буйгаа мөн танилцуулсан байна. Түүнчлэн Израилийн батлан хамгаалахын сайд Иоав Галлант “Барьцааны хамгийн сүүлийн хүнээ автал дайрах болно” гэж мэдэгджээ. 10-р сарын 7-нд мөргөлдөөн эхлэхэд Хамас бүлэглэл Израилийн 1200 хүний аминд хүрч, 200 гаруй хүнийг барьцаалсан. Хариуд нь Израил тус бүлэглэлд дайн зарлаж, хамгийн сүүлийн үеийн байдлаар Газын зурваст 30 мянга гаруй энгийн иргэн амь үрэгдээд байна. Улмаар улс орнууд, тэр дундаа Израилийн томоохон холбоотон АНУ Израилийг Палестины тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг санал болгож эхэлсэн. Энэ нь мөргөлдөөнд цэг тавих цорын ганц зөв арга гэж барууны холбоотнууд үзэж байгаа юм.
Эх сурвалж: NBC