
Өнгөрсөн пүрэв гарагийн шөнө Украины зэвсэгт хүчин ОХУ-ын нийслэл Москва хотод цохилт үзүүлсэн нь Киевийн ОХУ-Украины дайн эхэлснээс хойших ОХУ-д үзүүлсэн дроны хамгийн том цохилт болоод байна.
Уг цохилтод ОХУ-ын нийслэл Москва хотын шатахуун хэрэглээний 30 гаруй хувийг дангаараа хангадаг, Капотня дүүрэгт байрлах газрын тос боловсруулах томоохон үйлдвэр өртжээ. Тус үйлдвэр Украины дроны цохилтод энэ 7 хоногт ийнхүү хоёр дахь удаагаа өртөж байгаа ба пүрэв гарагийн дроны цохилтын улмаас тус үйлдвэрт гал гарч, Москва хот өтгөн хар утаанд хучигджээ.
Украины дроны цохилтоос болж Москва хотын Шереметьево, Домодедово, Внуково, Жуковский нисэх онгоцны буудлууд үйл ажиллагаагаа зогсоож, зорчигчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрсэн байна. Москва хотын дарга Сергей Собянины мэдээлснээр ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах систем Москва хотыг чиглэсэн Украины байлдааны дронуудаас 194-ийг нь замаас нь устгаж чадсан ба тэдгээр дроны хэлтэрхийнүүд голчлон Москва хотын захын дүүргүүдэд унасан аж. ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас мэдээлснээр ОХУ-ын агаарын довтолгооноос хамгаалах систем өнгөрсөн пүрэв гарагт нийт 555 дроныг замаас нь устгажээ.
Түүнээс гадна Украины цохилтоос болж Москва мужид нийт 17 хүн гэмтсэн байна. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский уг дроны цохилт нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хэлэлцээрийн ширээний ард суулгах зорилготой байсныг онцолж, “Украин улс шатвал Москва ч бас шатах болно. Түрэмгийллээ зогсоож, энэ дайныг дуусгах цаг болсон” хэмээн мэдэгджээ.
Сүүлийн саруудад Украины зэвсэгт хүчин ОХУ-д үзүүлэх агаарын цохилтуудаа эрчимжүүлж, газрын тос боловсруулах үйлдвэрүүд, газрын тосны хадгалалт ба түгээлтийн дэд бүтцүүдэд голчлон цохилт үзүүлж эхэлсэн билээ.








