
Монгол Улсын Засгийн газар “Тогтвортой өсөлт, хүртээмжтэй ирээдүйн төлөө хамтдаа” сэдвийн хүрээнд “Монгол Улсын Засгийн газар–Хөгжлийн түншүүдийн уулзалт”-ыг 2026 оны 6 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.
Хөгжлийн түншүүдийн уулзалтыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан нээж хэлсэн үгэндээ Монгол Улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээс хойших 35 жилийн хугацаанд хөгжлийн түншүүдийн дэмжлэг, хамтын ажиллагаа нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэв.

Мөн Монгол Улсын хөгжлийн бодлого, тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалтын зорилтуудын хүрээнд гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний үр өгөөжийг нэмэгдүүлэх, удирдлага, зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ, тайлагналын тогтолцоог боловсронгуй болгох, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцууллаа.
Түүнчлэн Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгчийг түр орлон гүйцэтгэгч Чандра Мохан Арора болон Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Таехюн Ли нар эдгээр байгууллагаас Монгол Улсад явуулж буй үйл ажиллагааны, хөгжлийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын чиг хандлагын талаар танилцуулга хийв.
Уулзалтын үеэр хөгжлийн түншүүдтэй хамтын ажиллагааны уялдаа холбоог бэхжүүлэх, гадаад зээл, тусламжийн хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, тулгамдаж буй асуудал, сорилтыг тодорхойлох, тэдгээрт чиглэсэн шийдэл эрэлхийлэх чиглэлээр талууд санал солилцов.
Уулзалтын үр дүнд талууд хөгжлийн түншлэлийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын ажиллагааны уялдаа холбоог цаашид улам бэхжүүлэх, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн үр ашиг, үр нөлөөг нэмэгдүүлэх, хэрэгжилтийн явцад тулгамдаж буй сорилт, бэрхшээлийг хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан шийдвэрлэх чиглэлээр нэгдсэн ойлголцолд хүрч, үр дүнд суурилсан, ил тод, хариуцлагатай, тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан хамтын ажиллагааг цаашид улам гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов.
Уулзалтад Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Монгол Улсад суугаа Элчин сайд нар, дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөл, олон улсын бусад банк, санхүүгийн байгууллагууд, хөгжлийн түншүүд, гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжүүлэгч байгууллага, төсөл хэрэгжүүлэг нэгжүүдийн нийт 160 гаруй төлөөлөгч оролцлоо.








