Таны юуг, хэзээ, яаж идэх нь эрүүл мэндтэй салшгүй холбоотой байдаг. Тэгвэл CNN агентлаг мэргэжлийн хоол зүйн экспертээс эрүүл мэндэд хамгийн тустай хоол хүнсийг тодруулжээ. Тодруулбал, 2022 онд хийсэн нэгэн судалгаагаар хүмүүс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, үр тариа, самар ихтэй хоолны дэглэм барьснаар насаа 13 жилээр уртасгах боломжтой байсан аж. Мөн 2023 онд “Nature” cэтгүүлээс хийсэн судалгаагаар хүмүүсийн хооллох зуршлаас хамаарч нас нь 10 жилээр нэмэгдэх боломжтойг олж тогтоожээ. Ингэхдээ чихэрлэг ундаа, боловсруулсан махыг бага хэрэглэж, оронд нь үр тариа, самар, жимс жимсгэнэ хэрэглэсэн хүмүүс илүү урт наслах магадлалтай байсан аж.
2023 онд хийсэн өөр нэг судалгаагаар 100,000 гаруй оролцогчийг 30 гаруй жилийн турш ажиглаж, урт хугацааны хоолны дэглэмийг нь харьцуулсан байна. Энэхүү судалгаагаар эрүүл хооллолтын хэв маяг нь эрт нас барах эрсдлийг 20% бууруулж буйг харуулжээ. Үр тариа, жимс жимсгэнэ, хүнсний ногоо, самар, буурцагт ургамлыг түлхүү иддэг хүмүүс хорт хавдар, зүрх судасны өвчин, амьсгалын замын болон мэдрэлийн системийн өвчнөөр нас барах магадлал бага байсан байна.