Оросын сөрөг хүчний томоохон дуу хоолой, улс төрч А.Навальный өнгөрсөн долоо хоногт шоронд хоригдож байхдаа нас барсан. Тэгвэл түүний цогцсыг өчигдөр ээжид нь хүлээлгэн өгсөн байна.
А.Навальныйгийн багийнхан удахгүй түүнийг оршуулах ёслолын талаарх мэдээллийг ил болгоно гэсэн юм.
А.Навальныйгийн цогцсыг ээжид нь хүлээлгэж өгөхөөсөө өмнө албаныхан шатааж, чандарлахыг шаардсан байна. Эс бөгөөс гэрийнхэнд нь хүлээлгэж өгөлгүйгээр шоронд түүний цогцсыг шатаана гэснийг барууны хэвлэлүүд тодотгож буй. Харин түүний эхнэр Юлия Навалная энэ бүхэнд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг буруутгаж, хадам ээжийг нь сүрдүүлсэн гэж үзэж байна.
А.Навальныйг яаралтай оршуулах хэрэгтэй байгаа бөгөөд түүний цогцос муудаж эхэлж байгааг албаныхан гэрийнхэнд нь анхааруулсан байна. Гэхдээ ОХУ-ын эрх баригчид түүний оршуулгыг нүсэр, олон хүн хамруулахгүй байх тал дээр анхаарна гэж барууны хэвлэлүүд хардаж буй юм.