
Н.Алтанхуяг: Оюутолгойн зээлийн хүүг хүчингүй болгож, ногдол ашгийг наашлуулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Оюутолгой төслийн ногдол ашиг авах хугацааг наашлуулах болон холбогдох гэрээнд өөрчлөлт оруулах асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Би 2012, 2013, 2022 онуудад ногдол ашиг авах хугацааг наашлуулах санал гаргаж байсан боловч дэмжлэг авалгүй, сүүлдээ бүр засгийн газрыг огцруулаад хаясан. Сая Оюутолгойтой холбоотой УИХ-ын шийдвэрийн дагуу сонсгол хийлээ. Өнөөдрийг хүртэл Монголын талд зээл, зээлийн хүү, хуримтлагдсан хүү гэсэн гурван том дарамт байсаар байна. Үүнийг алга болгох хэрэгтэй.
Энэ жил Оюутолгой ашигтай ажиллаж эхэлж байгаа бөгөөд 5 орчим тэрбум ам.долларын ашиг гарахаар байна. Хэрэв бид энэ их зээлийн хүүг хүчингүй болгож чадвал Монгол Улс өөрийн эзэмшлийн 34 хувьд ногдох 1.6 тэрбум ам.долларын ногдол ашгийг авч эхлэх боломжтой. Олон жил яригдсан энэ асуудлыг одоо л хэлэлцээрийн ширээний ард сууж, хүүг хүчингүй болгон, ногдол ашгаа авдаг болох нь зөв. Ерөнхий сайд маань иргэдийн гаргасан саналыг нугачин дарах биш, харин тэдний дуу хоолойг сонсож, Монголын хөгжил болон нийт ард түмэнд ашигтайгаар шийдвэрлэхийн төлөө ажиллана гэж найдаж байна” гэв.
-Зээлээ төлж дуустал ногдол ашиг авахгүй гэх заалтыг өөрчлөх боломжтой юу?
-Оюутолгойтой холбоотой хоёр төрлийн гэрээ байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ анх байгуулсан энэхүү гэрээний заалтыг өөрчлөх боломжгүй. Дараагийн гэрээ болох хувь нийлүүлэгчдийн гэрээ компаниудын хооронд байгуулсан энэ гэрээнд дээрх заалт бий. Үүнийг УИХ, Засгийн газрын түвшинд санаачилга гаргаж, өөрчлөх бүрэн шаардлагатай. Байгалийн баялгаа олборлуулж байгаа ч нөгөө тал нь ашгаа аваад, Монголын иргэд ногдол ашиг хүртэж чадахгүй байгаа алдааг засаж залруулах нь Засгийн газрын үндсэн ажил юм. Засгийн газар иргэдтэйгээ хамтарч ажиллах ёстой.
Хэдэн иргэн үзэл бодлоо илэрхийлж, эсэргүүцэхээр гадаадынхны гар хөл, тэдний үгийг дамжуулагч гэж харддаг нь буруу. Монголчууд бие биенийгээ ингэж хардахаа болих хэрэгтэй. Засгийн газар олон нийтэд зөв, бодитой ойлголт өгөх үүрэгтэй. Тэр байтугай эсэргүүцэж байгаа 10 хүн байсан ч тэдэнтэй уулзаж, бодитой баримт, тоо судалгааг нь харуулаад ойлгуулбал манай иргэд заавал эсрэг талд ажиллаад байхгүй. Ингэж ойлголтоо нэгтгэж байж нийт Монголчууд хожих болно” гэсэн юм.
Б.Уранзаяа
Дэлгэрэнгүй ярилцлагыг үзэх линк:








