АНУ-ын иргэн Руби Фрэнк нь Youtube сувагтаа гэр бүлийн зөвлөгөө өгч, хэрхэн хатуу чанга эцэг эх байх талаар контентууд хийж, олонд танигдсан нэгэн. Гэвч тэр өөрийнхөө хүүхдүүдийг өлсгөж, хүчирхийлсэн хэргээр дөрвөн жилийн хоригдох ял сонсжээ.
Түүний удаан хугацааны бизнес хамтрагч Жоди Хилдебрант ч мөн ижил ял сонссон байна. Тэдэнд давж заалдах 30 хоногийн хугацаа байгаа юм.
Шүүх хурлын үеэр Юта мужийн прокурор Руби Фрэнкийн хүүхдүүд хорих лагерт амьдарч байгаа юм шиг байдаг байсан гэж мэдүүлснийг хэлсэн. Мөн хоол хүнсийг нь хориглож, хүссэн үед нь ч унтуулдаггүй байсан аж.
Хоёр эмэгтэйн хэрэг анх өнгөрсөн оны наймдугаар сард ил болж, баригдсан байдаг. Тухайн үед түүний 12 настай хүү цонхоороо үсэрч гаран хажуу айлаасаа хоол, ус гуйснаар бүх зүйл ил болжээ.
Шүүх хурлын үеэр Руби Фрэнк хүүхдүүдээсээ уучлал хүсэж, дэлхий ертөнц муу муухай газар болсон тул би бурууг зөв, харанхуйг гэрэл гэж андуурч явжээ гэсэн утгатай үг хэлсэн байна.