
Хашаандаа олон төрлийн мод, хүнсний болон нарийн ногоо тариалдаг иргэд олон бий. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд буюу Өлзийт хорооллын хашаандаа нарийн ногоо тариалдаг Б.Түвшинбаатартай ярилцлаа.
Том мод авахаас илүү 2-3 настай нялх мод хөрсөндөө амархан зохицдог
-Сайн байна уу, сайхан зусаж байна уу. Та хэзээнээс мод, нарийн ногоо тариалж эхэлсэн бэ?
-Сайн, сайхан зусаж байна уу, зургаа дахь жилдээ хүнсний ногоо, мод, хүлэмжийндээ нарийн ногоо тариалж байна. Анх 2020 онд хөл хориотой үеэр энд хашаа аваад гарч байсан. Яваандаа нэг хоёр авч тариад хашаа минь хөөрхөн болоод байна даа. Манай моднууд 1-5 настай нялх моднууд.
-Танай талбайд хэдэн төрлийн мод, ногоо байгаа вэ?
-Зусландаа буугаад дөрөв, тав хонож байна. Ажлуудаа дөнгөж эхлээд, мод,ногоогоо суулгаж байна. Манайд 23 төрлийн зургаан зуу гаруй мод бий. Түгээмэл байдаг чацаргана, үхрийн нүд, интоор, гүзээлзгэнэ гээд жил бүр тарьдаг. Талбайдаа хоёр, гурван төрлийн лууван, хүрэн манжин, сонгино, нарийн ногоо, өрхийн хэрэгцээндээ төмс тарьсан. Талбайгаа тойруулж, хамгаалах зорилгоор үрээр хайлаас, уриас тарьж, дундуур нь жимсний бут суулгаад явж байгаа. Мод өөрөө удаан ургадаг учраас дөрөв таван жил бол урт хугацаа биш.
Нэг хоёр мод авч тариад байсан чинь хашаа минь хөөрхөн ой болоод байна даа

-Анх тариалж эхлэхэд ямар мод арчилгаа бага шаарддаг вэ?
-Том мод худалдаж авчраад ой болгох гээд байдаг. Гэтэл арчилгаа их шаарддаг. Жишээ нь айлаас том хүүхэд авчих юм бол, өсгөх гэж хэцүү шүү дээ. Хоёр, гурван настай нялх мод суулгахаар хөрсөндөө амархан зохицоод хурдан томордог.
-Хашаандаа хүнсний болон нарийн ногоо тариалахын давуу тал нь юу байдаг вэ?
-Нэгдүгээрт бүтэн жил өөрсдийнхөө тариалсан эко хүнсний ногоогоо хэрэглэнэ. Зарим нарийн ногоогоо дараад хөлдөөгөөд хадгалчихна. Өмнө жил дарсан ногоогоо бид хэд идэж барахгүй дараагийн ногоотойгоо золгочхож байна даа /инээв/. Хоёрдугаарт ах дүү нарын хүүхдүүд ирнэ. Өглөө эрт босоод, хүрз бариулаад талбайдаа гарна. Хөдөлмөрт сургаад байна. Цаашдаа борлуулах талаар бодоод байгаа. Миний хийж үзээгүй зүйл шүү дээ. Одоогоор тарьж эхэлж байна даа. Удахгүй ногоо зарж, сурна даа.
-Нийслэл хотоос ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд дөрвөн улирлын хүлэмж барихаар төлөвлөж, БНСУ-ын KOICA байгууллагатай хамтын ажиллагааг эхлүүлж буй. Та энэ талаар сонссон уу?
– Бид ч яах вэ өрхийн хэрэгцээгээ хангаад яваад байна. Бизнес хийж, амьжиргаагаа залгуулж байгаа хүмүүс бий шүү дээ. Жижиг дунд бизнес эрхэлж байгаа иргэд ээ дэмжээд өгөх хэрэгтэй дээ. Төр өөрөө оролцоод ирэхээр хэцүү.
















