
“Хүүхэд төрүүлбэл зээлээс чөлөөлнө” гэсэн бодлого Унгарт үр дүнгээ өгсөнгүй
Унгар улс хүн амын өсөлтийг дэмжих зорилгоор сүүлийн 15 жилийн хугацаанд дэлхийн хамгийн өргөн хүрээтэй төрөлт дэмжих бодлогуудын нэгийг хэрэгжүүлсэн ч үр дүн нь хүлээлтэд хүрсэнгүй гэж шинжээчид дүгнэж байна.
Тус улсын Ерөнхий сайд асан Виктор Орбаны засгийн газар 2010 оноос эхлэн гэр бүлүүдийг хүүхэдтэй болоход нь урамшуулах зорилгоор хүүгүй зээл, ипотекийн татаас, татварын хөнгөлөлт зэрэг олон төрлийн дэмжлэг үзүүлжээ. Залуу гэр бүлүүд тодорхой хугацаанд хүүхэдтэй болно гэсэн амлалт өгснөөр хэдэн арван мянган фунт стерлингтэй тэнцэх хэмжээний санхүүгийн дэмжлэг авах боломжтой болсон байна. Гэвч бодит байдал дээр хүүхэдтэй болж чадаагүй хосуудын хувьд энэхүү бодлого эргээд санхүүгийн дарамт болж эхэлжээ.
33 настай нийгмийн ажилтан Барбара Элек болон түүний нөхөр, 34 настай тогооч Леви нар хоёр хүүхэдтэй болно гэсэн нөхцөлөөр 10 сая форинтын буюу ойролцоогоор 25 мянган ам.долларын хүүгүй зээл авчээ. Гэвч олон удаагийн үр шилжүүлэн суулгах эмчилгээ амжилтгүй болсон бөгөөд хэрэв тэд хүүхэдтэй болж чадахгүй бол үндсэн зээлээс гадна хэдэн сая форинтын торгуулийн хүү төлөх эрсдэлтэй тулгараад байна.
Унгар улсын төрөлтийн түвшин 2010 онд нэг эмэгтэйд ногдох 1.25 хүүхэд байсан бол төрийн дэмжлэгийн эхний жилүүдэд өсөж, 2020 онд 1.59 хүрч байв. Гэвч энэхүү өсөлт 2 хувьд ч хүрсэнгүй. 2025 он гэхэд төрөлтийн түвшин дахин буурч 1.31 болсон нь бодлого хэрэгжиж эхэлсэн үеийн түвшинтэй бараг ижил хэмжээнд хүрчээ.
Венийн Хүн ам зүйн хүрээлэнгийн судлаач Томаш Соботка “Эдгээр бодлогын гол зорилго нь төрөлтийг нэмэгдүүлэх байсан. Энэ зорилгын үүднээс харвал бодлого амжилтгүй болсон” гэж дүгнэсэн байна.

Судлаачдын үзэж буйгаар мөнгөн урамшуулал дангаараа төрөлтийг өсгөхөд хангалтгүй аж. Залуус хүүхэдтэй болох шийдвэр гаргахдаа зөвхөн мөнгө бус эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын чанар, ажлын байрны уян хатан нөхцөл, ирээдүйн тогтвортой байдал зэрэг хүчин зүйлсийг илүү чухалчилж байгаа юм. Унгарын Үндэсний банкны мэдээллээр таван жилийн өмнө энэхүү зээлийг авсан хосуудын тавны нэг нь хүүхэдтэй болж чадаагүй байна. Үүнтэй холбоотойгоор шинэ засгийн газар хүүхэдтэй болж чадаагүй иргэдэд ногдуулж буй торгуулийн нөхцөлийг дахин хянаж эхэлжээ.
Унгар улс жил бүр ДНБ-ийхээ ойролцоогоор таван хувийг гэр бүлийг дэмжих бодлогод зарцуулсан ч төрөлт тогтвортой өсөж чадсангүй. Энэхүү жишээ нь төрөлт буурч буй дэлхийн олон оронд анхаарал татаж байна. Учир нь хүүхэдтэй болохыг мөнгөөр урамшуулах бодлого тодорхой хугацаанд үр дүн үзүүлж болох ч урт хугацаанд хүн амын өсөлтийг дангаараа шийдвэрлэж чаддаггүй болохыг Унгарын туршлага харуулж байна. Иргэд ирээдүйдээ итгэлтэй, тогтвортой нийгэмд амьдарч байж л гэр бүлээ томруулах шийдвэрийг гаргадаг болохыг энэ жишээ дахин харууллаа.
Эх сурвалж: BBC








