Дэлхийн хамгийн том аяллын хөлөг анхны аялалдаа Флоридагийн Майами хотоос хөдөллөө. 365м урт “Icon of the Seas” хөлөг нь 20 тавцантай бөгөөд дээд тал нь 7600 зорчигч хүлээн авах боломжтой аж. Тус хөлөг нь “Royal Caribbean” группын эзэмшилд байдаг ба Карибын тэнгист долоо хоногийн аялал хийх маршруттай хөдөлжээ.
Финландын Турку хотын усан онгоцны үйлдвэрт баригдсан Багамын арлуудад бүртгэлтэй уг хөлөг долоон усан сан, зургаан усан гулгууртай. Үүнийг барихад 2 тэрбум доллар зарцуулсан бөгөөд дотроо 40 гаруй ресторан, баар, амралтын өрөөтэй юм. Гэвч хөлөг онгоцны метаны ялгаруулалт нь байгаль орчны активистуудын санааг зовоож байна. Шингэрүүлсэн хийн (LNG) хөдөлгүүртэй тус хөлөг агаарт хортой метан ялгаруулна гэж байгаль орчны мэргэжилтнүүд анхааруулж буй.