
Жил бүрийн “Хүрээ цам-Даншиг наадам”-ын үеэр Монгол түмний шүтээн Очирваань бурхныг залж тахидаг уламжлалтай билээ. Тэгвэл Бурхан урлаач З.Энхтайван “Хүрээ цам-Даншиг наадам”-ын зохион байгуулагч Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх нарт хүсэлт гаргаж буйгаа цахим хуудсаараа дамжуулан дараах хүсэлтийг гаргажээ.
“Даншиг наадам сайхан болж байна. Гэвч нэг анзаарсан зүйл байна .
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва, Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх танаа
ХҮСЭЛТ
Монголын ард түмнийг ивээгч Их Очирваань, Эзэн Богд Чингис хааны бурханчилсан шүтээн болох Очирваань бурхны аварга торгон зээгт наамал нь Монголын орчин үеийн бурхны урлагийн түүхэнд онцгой байр суурь эзлэх үнэт өв юм.
Энэхүү бүтээлийн ерөнхий зураг, тиг, дүрийн зохиомжийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Бурханч лам Ганхүүгийн Пүрэвбат багш маань уламжлалт монгол бурхны зургийн тигийн дагуу зохион бүтээсэн бөгөөд түүний удирдлага дор Монгол орны олон аймаг, нутгийн шилдэг зээгч, хатгамалч урчууд хамтран урласан билээ.
Энэ нь Монголын уламжлалт зээг урлалын хамтын бүтээлийн томоохон жишээ болсон юм.
18×12 метрийн хэмжээтэй энэхүү аварга торгон зээгт наамал нь Буддын шашны сургаалыг хамгаалагч, мунхаг харанхуйг дарж, эр зориг, хүч чадал, билиг ухааныг бэлгэдэгч Их Очирваань бурхны дүрийг бүтээсэн бөгөөд 2007- оны эхээр санаачлан урлаж, олон жилийн хамтын хөдөлмөрийн үр дүнд 2008 онд анх олон нийтэд дэлгэн үзүүлсэн.

Түүнээс хойш Даншиг наадам, шашны томоохон хурал ном, төр, шашны ёслолын үеэр дэлгэн залж, олон мянган сүсэгтэн мөргөж ирсэн билээ.
Гэвч энэхүү хосгүй бүтээлийг жил бүр ил задгай дэлгэснээр бороо, салхи, нарны хурц туяанд өртөн өнгө алдах, гандах, сэвтэх, урагдах зэрэг эрсдэл үүсэж, цаашид мөргөлийн болон соёлын үнэт өвийн зориулалтаар ашиглах боломж алдагдах аюул нүүрлээд байна.


Энэ хүсэлт нь зөвхөн миний хувийн хүсэлт бус, Монголын бурхан урлаачид, уран бүтээлчид, шавь нар, Буддын шашинт сүсэгтэн олон, үндэсний өв соёлоо хайрлан хамгаалахыг хүсдэг нийт иргэдийн нийтлэг хүсэл юм.


Мөн 2026 оны 6 дугаар сарын 28-ны Даншиг наадмын үеэр энэхүү асуудлаар ямар нэгэн бодит шийдвэр, шийдэл гарсан талаар нийтэд мэдээлэхийг хүндэтгэлтэйгээр хүсье.
Хүндэтгэсэн,
Соёлын тэргүүний ажилтан . Бурхан шүтээн урлаач З.Энхтайван .
Мөн санаа бодлоо хуваалцаад хамтран ажиллахад бэлэн байна” гэжээ.









