АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль энэ оны арваннэгдүгээр сард болно. Ардчилсан намаас одоогийн ерөнхийлөгч Жо Байден нэр дэвших хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бол Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп өрсөлдөх магадлал өндөр байгаа. Гэхдээ эхлээд тэр нам дотроо Никки Хэйлитэй ширүүн өрсөлдөөнд ялалт байгуулах шаардлагатай байгаа юм.
Сүүлийн өдрүүдэд Бүгд Найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах сунгаанууд болж буй. Хамгийн сүүлд Нью Хэмпшир мужын сунгааны дүн гарч, Доналд Трамп нийт саналын 54 хувийг авсан бол Никки Хэйли 43 хувийг авсан. Харин нэрээ татсан Рон Десантис нийт саналын 0,7 хувийг авсан аж.
Найрамдах намын нэр дэвшигчийг тодруулах эхний сунгаа өнгөрсөн долоо хоногт уламжлал ёсоор Айова мужид эхэсэн. Тус сунгаанд мөн адил Доналд Трамп ялалт байгуулсан. Гэхдээ тухайн үед өрсөлдөгч нараасаа хол зөрүүтэйгээр ялалт байгуулж байсан юм.
Тодруулбал, Доналд Трампад саналаа өгсөн хүмүүсийн тоо Никки Хейлид саналаа өгсөн хүмүүсийн тооноос даруй 2 дахин их байсан. Харин өчигдөрийн Нью Хэмпширийн санал хураалтын дүнг харвал Доналд Трамп болон Никки Хэйли нарын саналын зөрүү тун ойрхон байлаа. Ийнхүү Никки Хэйлигийн үнэлгээ, түүнийг дэмжигчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж буйгаас түүнийг Доналд Трампын хүчтэй өрсөлдөгч болж чадах боломжтой гэдэг нь харагдаж байгаа юм.