
Аврагчид 11 настай хоёр хүүг 4 өдрийн дараа нуранги доороос гаргажээ
Өнгөрсөн лхагва гарагт хүчтэй газар хөдлөлтөд өртсөн Венесуэл улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг түр хашиж буй Делси Родригез өнгөрсөн амралтын өдрүүдэд аврагчид нуранги доороос 33 хүнийг аварсан талаар мэдэгджээ. Нуранги доороос амьд сэрүүн олдсон хүмүүсийн дунд 11 настай хоёр байсан аж.
Онцгой байдлынхан нуранги доор гацсан иргэдийг амьд сэрүүн гаргаж авахад гамшгийн дараах эхний 48-72 цаг хамгийн чухал болохыг онцолдог. Венесуэлийн Яракуй мужийн Сан Фелипе хотын ойролцоо болон газрын тосны томоохон үйлдвэрүүд байрладаг Юмаре хотоос холгүй 7.2 бөгөөд 7.5 магнитудын хүчтэй газар хөдөлснөөс хойш 4 өдөр, 5 шөнө өнгөрч байгаа ба ор сураггүй болсон иргэдийг олж аврах боломж улам нимгэрсээр байна.
Хоорондоо 39-хөн секундийн зайтай болсон хоёр газар хөдлөлтийн улмаас 800 орчим барилга нурж, багадаа 1450 хүн амь үрэгдэж, олон мянган хүн ор сураггүй болоод байгаа юм. Газар хөдлөлтөд хамгийн ихээр өртсөн зарим бүс нутгуудын иргэд Венесуэлийн засгийн газрын гамшгийн дараа авах арга хэмжээнүүд маш удаашралтай, үр дүнгүй байгаад бухимдаж, ойр дотнынхон нь ор сураггүй болсон иргэд аврагчдыг хүлээж тэсэлгүй нурсан байшин барилгуудыг нүцгэн гараараа ухаж эхэлжээ.
Газар хөдлөлтийн улмаас орон гэргүй болсон олон мянган иргэд машиндаа эсвэл нисэх онгоцны буудлын талбай, гольфийн талбайд олноороо гадаа хоноглож байна. НҮБ-ын мэдээлснээр бямба гарагийн байдлаар Венесуэлд тус бүр нь 50-100 албан хаагчдаас бүрдэх олон улсын онцгой байдлын 39 баг ажиллаж байгаа аж.









