
В.Путин ОХУ шатахууны хомсдолд орсныг хүлээн зөвшөөрчээ
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын эрчим хүчний тэргүүлэгч компаниудын удирдлагуудтай уулзаж дотоодын зах зээлийг шатахуунаар хангах асуудлаар ярилцжээ. Түүний хэлснээр үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан газрын тос боловсруулах томоохон үйлдвэрүүд бүх хүчин чадлаараа ажиллаж байна.
Дотоодыг шатахуунаар хангах ажилд дунд болон жижиг үйлдвэрүүдийг хамруулж, газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн урсгал засварын ажлыг түр хойшлуулаад байгаа аж. Ерөнхийлөгч В.Путин ирэх сард шатахуун, түлшний үйлдвэрлэл 6-р сарын үзүүлэлтүүдийг давна гэдгийг онцолж, өнөөдрийн байдлаар зах зээл дээр нөөцийн шатахуун, түлш борлуулагдаж байгааг дурджээ. Түүний хэлснээр ОХУ-ын дотоодын шатахуун, түлшний нөөц өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад тэнцүү шахуу байгаа аж. Жишээ нь 1.7 сая тонн бензиний нөөц байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 4 хувиар л бага байна гэжээ.
Гэсэн ч тэрбээр бензиний хомсдол үүсээд байгааг хүлээн зөвшөөрч, “Автомашин эзэмшигчид, бизнес эрхлэгчдийн хувьд энэ нь асуудал болоод байна. Шатахуун түгээх станцууд дараалалтай байна. Яг өөрт хэрэгтэй байгаа маркийн бензинээ олж авч чадахгүй байгаа асуудлууд ч байна.” гэжээ.









