
“Ардын нам-Ард түмэндээ” аяны хүрээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэлээр ахлуулсан ажлын хэсэг Төв аймгийн Баян суманд ажиллалаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд МАН-ын дотоод аудитор Ц.Норовжамц, СДМЭХ-ны төвийн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Э.Хулан болон холбогдох албаны төлөөлөл багтсан юм.


Уулзалтад иргэд, намын гишүүд, дэмжигчид оролцож, Ерөнхий сайдын санаачилсан “Чөлөөлье” аяны хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээ, “Гишүүн төвтэй Е4 стратеги”, E-Nam 3.0 платформын шинэчлэлийн талаар мэдээлэл сонсон, орон нутагт тулгамдаж буй асуудлаар санал солилцов.


Хэлэлцүүлгийн үеэр хүн амын бууралт, төрийн үйлчилгээний хүртээмж, мал аж ахуйн бүтцийн өөрчлөлт, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг илүү үр ашигтай, оновчтой зарцуулах асуудлыг өргөн хүрээнд хөндөн ярилцлаа. Малчид мал аж ахуйн чанар, бүтээмжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ залуу малчдын тоо өсөх хандлага ажиглагдаж байгааг онцолсон юм.


Мөн иргэд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтийн журамд үйлдвэрлэл, нэмүү өртөг шингэсэн төслүүдийг дэмжих боломжийг илүү уян хатан тусгах шаардлагатайг хэлэв. Тухайлбал, арьс шир боловсруулах үйлдвэр байгуулах төслийн үр өгөөжийг зөвхөн тухайн үйлдвэрт ажиллаж буй хүмүүсээр бус, түүхий эд нийлүүлж, нэмүү өртгийн үр шимийг хүртэж буй малчдын оролцоогоор нь үнэлэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байлаа.


Түүнчлэн төрийн албаны зарим шалгуур, журам орон нутгийн бодит нөхцөлтэй төдийлөн нийцдэггүйг иргэд онцолж, хүн ам сийрэг суурьшсан бүс нутагт бүх суманд ижил шаардлага тавих нь хүний нөөцийн хүндрэл үүсгэж байгааг хэлэв. Үүнээс гадна уул уурхайн лицензийн зохицуулалт, отрын бүсийн асуудал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах талаар санал, хүсэлтээ илэрхийлсэн юм.


Уулзалтад оролцогчид сумын намын байгууллага гишүүддээ чиглэсэн тогтвортой үйл ажиллагаа явуулж, бодит ажил, үр дүнгээрээ иргэдийн итгэлийг бэхжүүлэх нь чухал гэдгийг онцлон тэмдэглэв.


Ажлын хэсгийнхэн мөн намын ахмад гишүүдийн гэрээр зочлон, хүндэтгэл үзүүлж, Монгол Ардын Намын даргын мэндчилгээг уламжиллаа.




Ийнхүү Төв аймгийн Баян суманд болсон уулзалт, хэлэлцүүлгийн үеэр иргэд, намын гишүүдээс дэвшүүлсэн санал, хүсэлт, санаачилгыг нэгтгэн, цаашдын бодлого, шийдвэр, үйл ажиллагаандаа тусган ажиллахаа ажлын хэсгийнхэн илэрхийллээ.

















