
С.Төгсжаргал: Үзэгчид маань тав дахь тоглогч болчихсон, тэд хамгийн том хүч
Одоогоос яг нэг жилийн өмнө сагсан бөмбөгийн 3х3 төрлийн эмэгтэй шигшээ баг маань Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс эх орныхоо талбай дээр мөнгөн медалийг зүүж байлаа.
Тэгвэл энэ жил яг ойн дээрээ “Улаанбаатар Амазонс” багийн тамирчид FIBA 3×3 дэлхийн гран прид түрүүлж, аваргын цом өргөлөө. Ингэснээр тэд дэлхийн чансаагаар тэргүүлж эхэллээ.
Бид эх орондоо 2026 он гараад, 4 дэх Олон улсын тэмцээнээ амжилттай зохион байгуулаад буй Монголын Сагсан Бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргалаас дараах ярилцлагыг бэлтгэлээ.

-Сайн байна уу? Юуны өмнө том тэмцээний ард амжилттай гарч, Монгол Улсын шигшээ багууд ч хожил, ялалтаараа тэргүүлсэнд баяр хүргэе.
-Сайн байна уу. Энэ жилийн хувьд олон улсын 4 тэмцээнийг одоогийн байдлаар зохион байгуулаад байна. 2026 он гараад “Лос Анжелес-2028” зуны олимпын наадмын оноо цуглуулах тэмцээнүүд эхэлсэн. Энэ утгаараа илүү хариуцлагатай үе. Өмнө нь нэг жилийн дундаж оноогоор олимпын эрхийн оноо өгдөг байсан бол энэ жилээс 2 жилийн дундаж оноогоор эрх олгодог болсон. Тэр утгаараа Монголын олон багууд оролцох боломжийг зохион байгуулснаараа давуу талыг бий болгодог. Ийм том агуулгаар 3 том тэмцээнийг зохион байгууллаа.
Эрэгтэй 2, эмэгтэй нэг тэмцээн зохион байгуулж, амжилттай ард нь баг хамт олноороо гарлаа.
-Монголын багууд эх орондоо зохион байгуулсан тэмцээүүдэд өндөр амжилтыг үзүүлсэн нь бэлтгэл сургуулилтаас гадна бүх зохион байгуулалтаас хамаарсан болов уу?
-Бид эх орондоо зохион байгуулсан 3 тэмцээнд 3 баг маань гурвуулаа финалдсан ийм сайхан амжилтыг үзүүллээ. Ер нь багийн спортын түүхэндээ өөрсдөө зохион байгуулаад, 3 баг нь гурвуулаа финалдсан тохиолдол байхгүй болов уу. Эмэгтэй баг маань түрүүлж, эрэгтэй баг “Сүхбаатар Чалленж”-д түрүүлсэн. Өмнө нь “Улаанбаатар ММС Энержи” баг маань 2 дугаар байрт орсон ийм амжилттайгаар эх орондоо болсон тэмцээнийг өндөрлүүлээд байна.


-Энэ онд дараагийн том тэмцээнийг эх орондоо хэзээ зохион байгуулах вэ?
-Бид нар удахгүй 8 сарын эхээр “Дархан Чалленжер” тэмцээн, мөн Сансар, тэгээд Зайсан зэрэг тэмцээнүүд тамирчдыг хүлээж байгаа.
-Эмэгтэй баг саяны амжилтаараа дэлхийд чансаагаараа тэргүүлж эхэллээ. Тэдний хувьд чансааны оноо хэрхэн яригдах вэ?
-Women series -н хувьд тусдаа оноо гардаг. Өмнө нь манай эмэгтэй шигшээ баг Австрийн Венд болсон тэмцээнд түрүүлээд, 1 дүгээр байранд орсноор дэлхийн чансааг тэргүүлж байсан. Харин дараагийн тэмцээнд оролцоод манай эмэгтэй баг 2-3-д бичигдэж байсан бол саяны “Улаанбаатар эмэгтэйчүүдийн цуврал” тэмцээнд түрүүлснээрээ дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүлж байгаа. Яг энэ оноогоо хадгалаад явбал манай эрэгтэй, эмэгтэй 2 баг хоёулаа олимпын эрх авах болзлоо хангах учиртай байгаа.


5х5 эмэгтэй шигшээ баг, 3х3 эрэгтэй болон эмэгтэй шигшээ багийнхан Азийн наадамд оролцоно
-Сагсан бөмбөгийн 3х3 багуудын тухайд өөр ямар өрсөлдөөн хүлээж байна вэ?
-Дотоодын өсвөрийн болон залуучуудын ангилалд олон улсын тэмцээнүүдийг 4-12 сар хүртэл 3х3 төрлийн улирал явдаг. Манай багууд Монголд тэмцээн болоод дууссан ч гэсэн гаднын тэмцээнүүдэд оролцоод явна.
7 дугаар сарын эхээр 21 насны лигийн тэмцээнд манай эмэгтэй, эрэгтэй баг оролцоно. Үүнд мэргэжлийн багууд маань оролцоод, өрсөлдөөд явдаг даа.
-5-ын эсрэг 5-ын тухайд ямар тэмцээнүүдэд өрсөлдөх хуваарьтай байна вэ?
-8 сарын 26-наас 31-ний өдрүүдэд Монгол улсад 5х5 төрлийн Азийн аваргын урьдчилсан шатын тоглолтууд зохион байгуулахаар болсон. Мөн 9 сард манай 3х3 болон 5х5-ын эмэгтэй шигшээ баг Азийн наадамд өрсөлдөхөөр бэлтгэж байна. 7 сарын 20-ноос манай эрэгтэй баг бэлтгэлдээ гарна. Эмэгтэй баг бэлтгэлдээ гарчихсан байгаа.


-МСБХ-ноос жил бүр тогтмол Олон улсын тэмцээнийг хүлээн авч зохион байгуулснаар баг хамт олон нь илүү туршлагажиж байгаа болов уу?
-Монгол Улсад зохион байгуулахын тулд олон улсын стандартад нийцсэн яг тэр талбайн табель оффишиал гэж байдаг багийг л ажиллуулдаг. Тийм хүмүүс байх ёстой. Тэгээд манай табель оффишиалууд бүгдээрээ олон улсын тэмцээнд ажилласан дээрээс нь Фибагийн лицензтэй болсон. Яагаад гэвэл сургалтад суугаад шалгалтаа өгч, тэнцээд бид нар ямар ч дэлхийн түвшний тэмцээнийг Монгол орондоо зохион байгуулах хүний нөөц хангалттай бүрдчихсэн. Тэр хэмжээнд ийм мэргэжилтнүүдээ бэлдсэн гэсэн үг.


Арын албанд ажилладаг Сайн дурын ажилтнууд бол “Чимээгүй баатрууд”
-Спортын тэмцээн уралдааны зохион байгуулалтын хөшигний ард байдаг хүмүүс бол сайн дурын ажилтнууд. Мөн арын том ажлуудыг нугалдаг хүмүүс байж гэмээнэ эцсийн үр дүн бий болдог?
-Тийм. Сайн дурын ажилчдыг авч ажиллуулдаг. Тэд бол “чимээгүй баатрууд”. Бид нар тэдэнд маш их хүндлэлтэй ханддаг. Хүүхдүүд маань дээрээс нь сайн дурын ажилд оролцсон гэдэг сертификат авдаг учраас энэ нь олон улсын сургуульд элсэхэд тэр нь том давуу тал болдог. Энэ утгаараа хүүхдүүд маань ажиллаад явдаг, Үүнд тодотгоод хэлэхэд сайн дурын хүүхдүүддээ баярлаж, талархаж байгаагаа илэрхийлье.
Ер нь бол нийт 100 гаруй хүн ажилладаг. Тэмцээний шууд дамжуулалтаас авхуулаад манай шүүгч нар, арын алба гээд ингээд багаар ажиллаад явдаг. Бид нар энэ жил 35 дахь олон улсын тэмцээнээ ийнхүү амжилттай зохион байгууллаа.
Тухайлбал, 2017 оноос хойш насанд хүрэгчдийн дэлхийн аварга, 23 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 18 насны дэлхийн аварга, Чалленжер, эмэгтэйчүүдиийн цуврал тэмцээнүүд гэх мэт.
Манай холбооны баг хамт олон ер нь олимпоос бусад бүх зэрэглэлийн том тэмцээнийг эх орондоо хүлээн авч, зохион байгуулчхаад байгаа.


Нэмээд хэлэхэд ялангуяа спортыг хөгжөөн дэмжигч, фанат үгүйгээр төсөөлшгүй
Ер нь бол манай үзэгчдийн хувьд маш халуун дотноор баг тамирчдаа дэмждэг. Дэлхийн, олон улсад ч манай үзэгчдийг хамгийн чанга дуутай, үнэнч, халуун дэмжигчид гэж үздэг. Манайхан эх орондоо тэмцээн зохион байгуулснаар дэлхийн шилдгүүдийн тоглолтыг дэргэдээс нь үзэх боломжуудыг үүсгэж байгаа. За дээрээс нь энгийнээр хэлэхэд “Хамгаалъя Монгол”. Нэг ийм үгнүүдээ бид нар яг ингээд үндэснийхээ хувьд ч гэсэн багуудаа яг яаж дэмждэг вэ? гэдгээрээ харуулдаг. Тэгвэл бид нар ингээд л Аргентин ч юм уу гадны улсуудад яг ингэж дэмждэг брэнд үгтэй болчихсон байдаг шүү дээ.
Манай үзэгчдийн соёл улам бүр тогтихчсон, бас гоё соёл суучихсан. Энэ ч утгаараа манай тамирчид хэлдэг л дээ. Талбай дээрээ эх орондоо тогловол маш сайхан байдаг хэмээн ярьцгаадаг. Үзэгчдийнхээ дэмжлэг дээр тоглоход тамирчдад маань ч гэсэн урамтай. Талбай дээрх 5 дахь тоглогч нь болчхоод явж байдаг үзэгчид бол манай хамгийн том хүч.


-Тамирчдын хувьд гадны оронд хамтарсан бэлтгэл, туршлага судлах арга хэмжээнүүд бий юу?
-8 сарын 9-10-ны өдрүүдэд бид нар Японы шигшээ багтай тоглох урилга авсан. Япон улс яг энэ тоглолтыг зохион байгуулах нь нэг талаасаа Азийн топ улс. Монгол Улсын багийг урьж тоглоно гэдэг нь нэр хүндийн хэрэг болж байгаа.
Мөн 8 сарын 16-ны өдрүүдэд манай эмэгтэй шигшээ багийг Хятадын 18 насны шигшээ болон Шинэ Зеландын шигшээ багтай хамтарсан бэлтгэл, тоглолт хийх урилгыг бас ирүүлсэн. Тэгэхээр манай сагсан бөмбөгийн баг тамирчид Азийнхаа түвшинд болон Олон улсад ямар нэр хүндтэй байгааг харуулж байна.
Ярилцсанд баярлалаа.
Видео ярилцлагыг үзэх линк:









