
Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багийн нутагт 10 настай охин сураггүй болсон тухай дуудлага энэ сарын 2-ны 20:40 цагт цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн юм. Тодруулбал, охин наймдугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагийн орчимд тарвас хураах ажилд явна хэмээн гэрээсээ гарсан ч одоогоор олдоогүй байна.
Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа энэ үед түүний цогцос олдсон, хөрш айлын хоёр иргэнийг цагдан хорьсон гэх зэрэг баталгаагүй мэдээлэл цахим орчинд тархаж байна. Цагдаагийн байгууллагаас эдгээр мэдээллийг нягтлахгүйгээр түгээх нь мөрдөн шалгах ажиллагаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхаарууллаа.
Мөн эрэн хайх ажиллагаанд оролцож буй иргэдээс авсан тодорхой бус мэдээллийг олон нийтэд түгээх, хэргийн газарт очиж шууд дамжуулалт хийх, мэдээлэл өгөхийг шаардах зэрэг нь холбогдох байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг мэдээлэв.
Өнөөдрийн байдлаар уг хэрэгтэй холбоотойгоор нэг иргэнийг цагдан хорьсон байна.
Цагдаагийн байгууллагаас иргэдийг баталгаагүй мэдээлэлд авталгүй, эрэн хайх болон мөрдөн шалгах ажиллагаанд саад болох аливаа үйлдэл гаргахгүй байхыг хүссэн бөгөөд бодит, үнэн зөв мэдээллийг хуульд нийцүүлэн албан ёсоор мэдээлэх юм.









