
2015 оны 10-р сарын 17-нд болсон мэргэжлийн боксын тэмцээний үеэр ар дагз руугаа олон удаа хүчтэй цохиулсныхаа улмаас тархиндаа хүнд гэмтэл авч, сүүлийн 11 жилийн турш хэвийн амьдралдаа эргэн орохоор тэмцэж байсан Пуэрто-Рико гаралтай мэргэжлийн боксын залуу тамирчин Причард Колон 33 насандаа таалал төгсжээ.
АНУ-ын Флорида мужид төрж өссөн Причард Колон цагтаа мэргэжлийн боксын өсөх ирээдүйтэй, авьяаслаг тамирчдын нэгд тооцогдож байсан юм. Тэрээр Пуэрто Рикогийн боксын аварга шалгаруулах тэмцээнд хэд хэдэн удаа түрүүлж, 2010 онд Пан Америкийн Өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийг хүртэж байжээ.
2012 онд Причард Колон мэргэжлийн бокс руу орж, шинэ залуу тамирчдын адил богино хугацаанд олон тэмцээнд оролцжээ. Мэргэжлийн боксын карьераа эхлүүлснээсээ хойш нэг ч ялагдал хүлээгээгүй Причард Колоны 17 дахь өрсөлдөгч нь Америкийн мэргэжлийн боксын тамирчин Террел Уильямс болжээ.
Тоглолтын явцад Т.Уильямс П.Колоны ар дагз руу дүрмийн бус цохилт хэд хэдэн удаа хийснийг шүүгч үл тоомсорлон өнгөрүүлсэн ба тоглолтын есдүгээр үе дээр Т.Уильямс П.Колоны ар дагз руу дахин хүчтэй цохьжээ.
Уг цохилтын дараа П.Колоны биеийн байдал нүдэн дээр илт муудаж, шүүгчид ялалтыг Т.Уильямст өгсөний дараа хөлөн дээрээ ч тогтох тэнхэлгүй болсон П.Колон ээжийгээ түшин хувцас солих өрөө рүү явжээ. Хэд хэдэн удаа бөөлжсөнийхөө дараа П.Колон ухаан алдан унасан байна.
Тэрээр тархиндаа их хэмжээний цус алдсан байсан ба эмч нар гавлынх нь дотоод даралтыг бууруулахын тулд гавлын ясыг нь цоолж, түүнийг хиймэл комд оруулжээ. П.Колон 221 хоногийн дараа ухаан орсон ч тэрээр ярих, хөл дээрээ зогсож, явах чадвараа алдсан байсан юм.









