БНСУ-ын цагдаагийн алба жүжигчин И Сун Кюны хэрэгтэй холбоотойгоор Инчоны цагдаагийн газарт нэгжлэгт хийжээ.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр нас барсан жүжигчин И Сун Кюны мөрдөн байцаалтын ажиллагаатай холбоотой мэдээллийг задруулсан хэргээр Инчоны цагдаагийн газарт арга хэмжээ авч буй нь энэ аж. Түүнчлэн цагдаа нар зарим хэвлэлийн байгууллагуудад түүний хэрэгтэй холбоотой мэдээлэл задруулсан байж болзошгүй байгаа тул хэвлэлийн байгууллагуудыг мөн шалгаж эхэлсэн байна.
Албаны хүмүүс уг шалгах ажиллагааны талаар нарийн мэдээлэл өгөхөөс татгалзаад байна. Жүжигчин эр өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хар тамхи хэрэглэсэн байж болзошгүй хэрэгт холбогдсон юм. Тэрбээр нас барахаасаа өмнөх хоёр сарын хугацаанд гурван удаа цагдаагийн байгууллагад дуудагдсан. Хэдий жүжигчин эр байцаагдах явцыг нууц байлгахыг хүссэн ч хэвлэлийнхэн бүх явцыг мэдээлж байсан нь цагдаа нар мэдээлэл задруулсан байж болзошгүй гэх хардлага үүсэхэд хүргээд буй. Энэ асуудалтай холбогдуулан, түүний гол дүрийг нь бүтээсэн “Шимэгч” киноны найруулагч Бон Жүн Хо тэргүүтэй хэд хэдэн уран бүтээлч нар энэ сарын 12-нд хамтарсан мэдэгдэл гаргаж, жүжигчин эрийн хэрэгтэй холбоотой мэдээлэл цацсан цагдаа болон хэвлэл мэдээллийн байгууллагуудыг шүүмжилсэн. Үүнээс мөн гурав хоногийн дараа тэд Үндэсний цагдаагийн газар, Үндэсний Ассамблей, KBS-ийн эсрэг өргөдөл гаргасан ба үүндээ жүжигчин эрийн утасны дуудлагыг ил гаргасныг буруутгасан юм.