БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун хоёр Солонгос хэзээ ч нэгдэхгүй хэмээгээд эсрэгээрээ үндсэн хуульдаа БНСУ-г “гол дайсан” гэж тодорхойлох хэрэгтэй гэв.
Тодруулбал, ардын дээд хуралд тавьсан илтгэлдээ БНСУ бол тус улсын хувиршгүй гол дайсан гэдгийг ард иргэддээ ойлгуулахын тулд үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн юм. БНАСАУ-ын удирдагч “Хойд Солонгос дайн хүсээгүй ч дайн болбол хойш суухгүй” гэж хэлснийг төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлжээ. Тэрбээр хоёр солонгосын асуудлаар “шинэ байр суурь” баримталж байгаагаа илэрхийлж, энэ асуудлаар үйл ажиллагаагаа явуулдаг бүх байгууллагыг татан буулгана гэсэн юм.
Харин БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сук Ёл умардаас ирэх аливаа өдөөн хатгалгын хариуг хэд дахин нугалж өгөх болно гэж хэлээд буй. Шинжээчид Ким Жон Уны үгийг урьд өмнө хэлж байгаагүй, маш сонин үйлдэл гэдгийг онцолж байна. Тухайлбал, Кэмбриджийн их сургуулийн геополитикийн төвийн Япон болон Солонгосын хөтөлбөрийг харицсан судлаач, доктор Жон Нилсон Врайт “Хоёр солонгос хоорондоо маргаантай байх нь гайхаад байх зүйл биш. Гэхдээ Ким Жон Уны энэ удаа хэлсэн үг нөхцөл байдлыг өөр тийш эргүүлж байна” гэсэн юм.
Сүүлийн саруудад хоёр Солонгосын харилцаа мэдэгдэхүйц муудсан. Тухайлбал, өнгөрсөн 11-р сард хоёр Солонгосын хооронд аливаа цэргийн хурцадмал байдлыг намжаах зорилгоор байгуулсан таван жилийн гэрээг БНАСАУ цуцалсан. Үүгээр зогсоохгүй хилийн ойролцоох хүчнээ нэмэгдүүлнэ гэсэн юм. Жилийн эцсийн бодлогын уулзалтууд дээрээ ч Ким Жон Ун Солонгос хоорондын харилцаа, дахин нэгдэх бодлогын талаарх Умардын байр суурийг "шинээр томъёолох" хэрэгтэй гэж хэлээд, "дайсан"-тай холбоотой "бодлогын шийдэмгий өөрчлөлт" хийх зорилт тавьсан гэж байсан юм. Болзошгүй цөмийн дайралтын таамаглал улам нэмэгдэж, Хойд Солонгосын удирдагч улсынхаа цэргийн хүчнийг нэмэгдүүлэхийг уриалж байв. БНАСАУ мөн сүүлийн долоо хоногуудад пуужин харвах нь нэмэгдэж, БНСУ-ын нутаг дэвсгэрт ойрхон байлдааны ажиллагаа явуулж байна. Хойд Солонгост төвлөрдөг АНУ-д төвтэй “38 North” байгууллагын өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн тайланд АНУ-ын Төрийн департаментын ажилтан асан Роберт Карлин, цөмийн эрдэмтэн Зигфрид С Хекер нар Солонгосын хойгийн нөхцөл байдлыг өмнөхөөсөө илүү аюултай болсон гэж үзэж байгаагаа мэдэгджээ.