
Дэлхий даяар тренд болоод буй Лабубу, Crybaby, Молли зэрэг тоглоомуудыг борлуулдаг Хятадын Pop Mart компани үнэт эдлэл, гоёл чимэглэлээр дагнасан анхны дэлгүүрээ Шанхай хотод нээжээ.
Popop нэртэй уг дэлгүүрээс Pop Mart компанийн алдартай тоглоомуудаас сэдэвлэсэн ээмэг зүүлт, бөгж, бугуйвч зэрэг гоёл чимэглэл, үнэт эдлэлүүдийг худалдан авах боломжтой аж.
Popop дэлгүүрт зарж буй гоёл чимэглэлүүдийн үнэ 350-2699 юанийн хооронд хэлбэлзэх бөгөөд ихэнх барааных нь үнэ 1000 юаниас хэтрэхгүй аж.
Pop Mart компанийн борлуулдаг Диснейн хүүхэлдэйн киноны дүрүүд, анимэ, комик ном, видео тоглоомын баатруудыг дүрсэлсэн тоглоомууд нь “сэтгэл хөдлөлд тулгуурласан хэрэглээ” гэх ангилалд багтах бөгөөд хүүхэд залуусын хувьд боломжийн үнээр чамин тансаг эд зүйл худалдан авч, амьдралдаа баяр баяслыг нэмэх боломжийг олгодог юм.
Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн уналт, эдийн засгийн өсөлтийн удаашрал зэргээс болж хятадуудын хэрэглээ хумигдсан ч Pop Mart компанийн ер бусын, эгдүүтэй хөөрхөн тоглоомуудын эрэлт дотооддоо төдийгүй гадны орнуудад өндөр хэвээр байна. Үүний ачаар Pop Mart компанийн хувьцааны үнэ 2025 он гарснаас хойш 200 гаруй хувиар нэмэгдэж, тус компанийг үүсгэн байгуулагч Ван Нинь Хятадын хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтын 10-т бичигдсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Бээжин хотод дуудлага худалдаагаар том хэмжээтэй Лабубу хүүхэлдэй 1.08 сая юаниар зарагджээ.