
Өнгөрөгч баасан гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл гарган Бодлогын хүүг 12% хэвээр үлдээн, тэтгэвэр барьцаалсан зээлийн журамтай холбоотой гаргасан шийдвэрээ танилцуулсан.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс дээрх шийдвэрүүдтэй холбоотой зарим зүйлсийг тодрууллаа.
Сүүлийн үед ахмад настнууд тэтгэврийн зээлийн журам хэрхэн өөрчлөгдөх бол гэсэн хүлээлттэй байлаа. Мөнгөний бодлогын хорооноос гаргасан шийдвэрээр хэрэглээний зээлийн журмаар олгодог боллоо. Энэ нь тэтгэврийн зээлийн нөхцөл сайжирсан гэж харж болох уу?
– Тэгэхлээр энэ бол тухайн банкны өөрийнх нь дотоод бодлогоор явна. Бидний хувьд тэтгэврийн зээлийг хэрэглээний зээлтэй яг адилтгаад л ижилхэн учраас тэр лүү нь л оруулчихаж байгаа юм. Монголбанк яагаад нэгдүгээр улирлын буюу 3 сарын мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүгээ чангалсан бэ гэхээр нэгт, Дэлхийн банкны судалгаан дээр тэтгэврийн зээлийг тэтгэвэр авсан хөгшчүүлд яагаад энэ асуудал байна, яагаад ингэж бүүр 90%, 80%-иар их өндөр тэтгэврийнхээ юуг барьцаалаад зээл аваад байна вэ, авсан зээлийнх нь зориулалт нь юундаа байна вэ гэдгийг нь харахаар 60-аас илүү хувь нь тэтгэвэр авсан хөгшчүүл хүүхдийнхээ сургалтын төлбөр машин авахад нь урьдчилгаа, орон сууц авахад нь урьдчилгаа маягаар өгөөд яваад байна. Өөрсдөдөө биш. Одоо гэр бүлийнхээ хүмүүст зориулж олгоод байна. Энэ нь өөрөө тэтгэврийн хөгшин тодорхой хэмжээнд одоо амьдрахад нь төвөгтэй байдал бий болгосон байна гэдгээрээ ийм судалгаа гарчихсан байсан.
Хоёрт, хэдэн жилийн өмнө тэтгэврийн зээлийг тэглэсэн. Тухайн үед нийт тэтгэврийн зээлийн хэмжээ 700 тэрбумаар хэмжигдэж байсан. Нийтдээ тэглэснээс хойш өнөөдрийн биднийг 3 сар тутам шийдвэр гаргаж байхад тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл 2,1 их наяд хүрчихсэн. Бараг тухайн тэглэж байсан хэмжээнээсээ 3 дахин өсчихсөн. Маш идэвхтэй хамгийн өндөр өсөлттэй ийм хэрэглээний зээл болчихсон. Тэгэхлээр нийт мөнгөний бодлогын хүрээнд хэрэглээний зээлийг хязгаарлах бодлого явуулж байсан.
Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Монголбанканд албан тоот ирүүлээд уг хяналтгүй өсөж байгаа зээл дээр тодорхой хязгаарлалт бодлогын шийдвэр хэрэгтэй байна. Энэ дээр хамтраад ажиллая гэдэг санал ирж байсан учраас амьжиргааны баталгаажих доод түвшнээс хэтрүүлж зээл олгохыг хориглосон шийдвэр гарсан. Тэгэхдээ энэ нэлээн огцом, хатуу шийдвэр байсан гэдэг нь сая амьдрал дээр харагдлаа. Дээр нь тэтгэврийн зээл авч байгаа хөгшчүүлээс ч гэсэн Монголбанканд тодорхой хүсэлт өргөдлүүд ирсэн. Тиймээс ямар нэг хугацааны хязгаар гэдэг юм яригдахгүй, тухайн банкны өөрийнх нь л дотоод журмаараа зохицуулагдаад явна.
2024 оны сүүлээс валютын ханш чангарч, төгрөг суларсаар байна. Энэ оны байдлаар долларын хомсдол үүссэн гэж ченжүүд ханшийн өсөлтөө тайлбарлаж байгаа. Гэтэл Монголбанк валютын нөөц хангалттай байна гэж тайлбарладаг. Энд ямар шалтгаан байна вэ?
– Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларын хэмжээндээ байна. Оны эхнээс тогтвортой байгаа. Ямар нэг ам.доллартой холбоотой хомсдол гарсан зүйл байхгүй. Хомсдол гэж ярихаар бэлэн долларын хэрэгцээн дээр их яригддаг. Ялангуяа Найманшарга зэрэг бэлэн валют солих цэгүүд дээр энэ хомсдож байна. Төв банкны зүгээс болгоомжтой ханддаг. Яагаад гэвэл Монголд мөнгө угаах терроризмтой тэмцэх хууль байгаа, 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ, бэлэн төлбөр тооцоо хил гаалиар авч гарахад хуулийн зохицуулалттай. Тэрнээс илүү их бэлэн доллар худалдаж авах хэрэгцээ байна гэдэг маань зайлшгүй тодорхой хэмжээнд тайлбараа өгч л явах ёстой зүйл л дээ. Долларын хомсдол бол байхгүй. Бэлэн бус доллар бол чөлөөтэй төлбөр тооцоо хийгдээд явж байгаа.
Түүхий эдийн экспорт буурсан нь валютын ханшид нөлөөлж байгаа юу?
– Нэгэнт гадаад экспорт дээр нүүрстэй холбоотой тодорхой хэмжээний бууралт байгаа учраас энийг бусад түүхий эдээр нөхөх асуудлын хүрээнд Засгийн газраас алт 3 хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэр гарсан байгаа. Алт 3-ын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бол мэдээж алт олборлох асуудал яригдана. Тэгэхлээр Засгийн газартай хамааралтай яригдаж байгаа асуудал. Монголбанкны зүгээс урт нэртэй хууль гэж ярьдаг. Тэр хуулийн хэрэгжилт ч гэдэг юм уу, энэ алт олборлож байгаа хэсэг нь өөрөө шороон орд уу, үндсэн орд уу, гэдэг дээр мэдээж оролцох асуудал биш. Төв банкны зүгээс мэдээж алт олборлолтыг дэмжих тал дээр хамтарч ажиллахад бэлэн байгаа. Ялангуяа арилжааны банкнуудаас өөрийнх нь харилцагч алт олборлодог компаниуд байх юм бол тэрэн дээр дэмжиж ажиллана.
Мөн Монголбанк худалдан авсан алтаа Швейцарт цэвэршүүлдэг. Швейцарын манай алт цэвэршүүлдэг компани жил болгон ирдэг. Нэгдүгээрт алт олборлож байгаа үйл ажиллагаатай танилцдаг, хоёрдугаарт тэр олон улсын жишиг стандартаас хэр байна, ямар нэг хууль бус хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байгаа асуудал байна уу эсвэл хүйсийн тэгш бус байдал байна уу ч гэдэг юм уу үгүй бол байгаль экологид хортой бодис ашиглаж байна уу гэдгээрээ байнга хяналт хийж явдаг. Тэгэхлээр Монгол Улс ямар нэг хууль зөрчсөн, олон улсын тэр жишиг стандартыг зөрчсөн зүйл байхгүй гэх хамгийн сайн нэр хүндтэй тэр бүлэгт Монгол Улс өөрөө ороод явж байгаа.
Алт олборлолт дээр олон улсын зүгээс ч гэсэн энийг дэмжих бодлого явуулдаг. Ялангуяа сүүлийн үеийн бид нэлээн томоохон брэндүүд ногоон алт гэдэг ойлголтыг бий болж байна. Нийгмийн хариуцлагатай байгаль экологид хохиролгүй маягаар алт олборлосон бол тэрийг өнөөдрийн зах зээлийн үнээс нь өндөр хэмжээнд эс үгүй бол тэндээс зөрүү өндөр үнээр авч байгаа зөрүүгээрээ нийгмийн хариуцлагын хүрээнд Монгол Улсад байгаль экологид ээлтэй хөтөлбөр хэрэгжүүлэх маягаар явж байгаа.
Олон-Овоотын ордтой холбоотой асуудал Төв банкан дээр яригддаг. Тус ордын лицензийн талаар мэдээлэл өгнө үү?
– Анод банк татан буугдахад төлбөрийн чадварын хүндрэлд оруулахад нөлөөлсөн зээлдэгч нарын дотор Олон-Овоот байдаг. Мөн 2009 онд Зоос банк татан буугдаж байсан. Зоос банкны төлбөрийн чадварт нь нөлөө үзүүлсэн зээлдэгч нь бас энэ Олон-Овоот байгаа. Энэ 2 банкыг татан буулгахад тухайн банкны харилцагч хадгаламж эзэмшлийг хохиролгүй байх үүднээс төрөөс шууд тэр доор нь хадгаламжийн харилцах дансанд нь байгаа мөнгийг нь олгож байсан. Засгийн газрын зүгээс 100 тэрбумын бонд гаргаж байсан Монголбанк өөрөө зээл гаргаад, төлөөд энд эх үүсвэрүүдийг гаргаад явж байсан. Эдгээр Монголбанкнаас болон Засгийн газраас санхүүжилтийн барьцаанд нь Олон-Овоотын лиценз ирсэн. Тухайн үедээ ашиглалтын 9 лиценз, 30 гаруй хайгуулын лиценз орж ирсэн.
Монголбанкан дээр ингээд барьцаанд ирсний дараа хайгуулын лицензүүдийнх нь хугацаа нь дуусаад хүчингүй болоод явж байсан. Олборлолтын буюу Олон-Овоотой холбоотой тэр 9 лиценз бол Монголбанкны барьцаанд байсан. Шинээр шүүхийн шийдвэргарч өөр тийшээ шилжээд явж байгаа юм. Тэгэхлээр Монголбанкны зүгээс гомдол гаргаж байгаа. Яагаад гэвэл энэ бол Засгийн газрын бондыг нөхөн төлүүлэх, Монголбанкнаас хадгаламж эзэмшигчдийн мөнгийг тавьж олгоход санхүүжилт хийсэн тэр мөнгийг буюу төрийн хохирлыг барагдуулах ёстой ийм лицензүүд байгаа.
Харин яагаад тэр хувийн секторт очих вэ гэдэг дээр нэг асуудал байгаа. Тухайн байгууллагаас хүсэлт гомдол мэдээллүүдийг бид нар авч байгаа. Анод банк, Зоос банк, Хадгаламжийн банктай холбоотойгоор тэнд гаднын хөрөнгө оруулагч юм уу бас тухайн банкны эзэмшиж байсан этгээдүүд хуулийн этгээдүүд байгаа. Тэдгээр хүмүүсийн хохирлын тухай асуудал яригдаж байгаа. Тэгэхдээ өнөөдөр байгаа манай хууль эрх зүйн зохицуулалтаар хамгийн түрүүнд хадгаламж эзэмшигч дараа нь бол төр хохирлоо барагдуулах ёстой л гэдэг заалт байгаа.
Та бүхэн Капитал банкны жишээнээс харж байгаа. Нийгмийн даатгал ЭМД-ын сангийн мөнгийг тэргүүн ээлжид хохирлыг барагдуулна аа л гээд явж байгаа шүү дээ. Тэрэнтэй адилхан эхлээд төрийн хохирол барагдаж байж дараа нь тэр хувь компаниудын асуудал яригдах ёстой. Одоохондоо ямар нэг хариу ирээгүй байна.