
Өнөөдөр дэлхийн гэр бүлийн өдөр. Жил бүрийн тавдугаар сарын 15-ны өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдөр бол зөвхөн баяр хүргэх, аз жаргалтай гэр бүлийн зураг нийтлэх өдөр биш. Харин дэлхий даяар гэр бүлүүд ямар сорилттой тулгарч байгааг эргэн харах, нийгмийн бодлогоо дүгнэх, ирээдүй үеэ хэрхэн хамгаалах тухай ярилцах өдөр юм.
Өнөөдөр дэлхий нийтэд гэр бүл улам жижигрэж, төрөлт буурч, гэрлэлтээс татгалзах хандлага нэмэгдэж байна. Эдийн засгийн дарамт, амьжиргааны өртөг, дижитал орчны нөлөө, ганцаардал, хөдөлмөрийн стресс зэрэг нь хүмүүсийг хамтын амьдралаас илүү хувь хүний амьдралыг сонгоход хүргэж байгаа нь олон улсын судалгаануудаас харагддаг. Хөгжингүй орнуудад ганцаараа амьдрагчдын тоо түүхэндээ байгаагүйгээр өсөж, төрөлтийн түвшин хүн ам нөхөн үржих түвшнээс доош орсон нь улс орнуудын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээний асуудал болж эхэлжээ.
Азийн орнуудад ч ялгаагүй залуус “гэр бүл зохиохоос айдаг” үе ирсэн талаар судлаачид анхааруулж байна. Орон сууцны үнэ, тогтворгүй ажил, хүүхэд өсгөх зардал, карьерын дарамт нь гэр бүл байгуулах шийдвэрийг улам хойшлуулдаг болсон. Өмнөд Солонгос, Япон зэрэг оронд төрөлтийн түвшин дэлхийн хамгийн доод хэмжээнд хүрч, зарим тосгон, суурингууд хүүхдийн дуугүй болсон тухай хүртэл мэдээлдэг.
Монгол Улс ч энэ өөрчлөлтөөс ангид үлдсэнгүй.
Нүүдэлчин уламжлалтай, олон хүүхэдтэй айлыг бэлгэшээдэг монголчуудын гэр бүлийн бүтэц сүүлийн 20 жилд эрс өөрчлөгдөж байна. Хотжилт, эдийн засгийн тэгш бус байдал, ипотекийн дарамт, ажилгүйдэл, архидалт, өрхийн орлогын хомсдол зэрэг нь монгол гэр бүлийн суурийг доргиож эхэлжээ.

2025 онд Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгээс улсын хэмжээнд хийсэн “Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдал, өөрчлөлт” судалгаа үүнийг баталж байна.
Судалгааны тайланд,
Гэрлэлтийн статистикийн 10 жилийн динамик үзүүлэлтээс харахад, 2019 оноос эхлэн гэрлэлтийн тоо тасралтгүй буурч, харин гэр бүл цуцлалтын тоо өсөх хандлагатай байна.
Тухайлбал,
- 2019 онд 20,043 гэрлэлт бүртгэгдсэн бол 2024 онд энэ тоо 14,225 болж, 29.1 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Харин
- 2019 онд 4,262 байсан гэр бүл цуцлалтын тоо 2024 онд 4,463 болж, 4.6 хувиар нэмэгдсэн байна.
Тодруулбал, манай улсад гэр бүл болох хурд саарч, харин гэр бүл салах эрсдэл буурахгүй, харин ч нэмэгдэх хандлагатай байна гэсэн үг.
Мөн гэрлэлтийн дундаж нас 1989 онд эрэгтэйчүүдийнх 23.3, эмэгтэйчүүдийнх 21.1 байсан бол 2020 онд эрэгтэй 28.6, эмэгтэй 26.7 болж, гэрлэлт дунджаар тав орчим жилээр хойшилжээ.
Улаанбаатар хотын есөн дүүрэг, 10 аймаг, 30 сум, 92 хороог хамруулсан энэ түүвэр судалгаа нь гэр бүлийн асуудал өнөөдөр нийслэл, орон нутаг, дотоод, гадаад шилжилт хөдөлгөөний бүх хавтгайд зэрэгцэн оршиж байгааг харуулсан байна.
Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, сэтгэл зүйн дарамт зэрэг асуудал зөвхөн хууль, цагдаагийн байгууллагын асуудал биш болж, нийгмийн тогтолцооны эмзэг байдлыг илэрхийлж байна. Нөгөө талд залуу гэр бүлүүд орон сууцны зээл, хэрэглээний өр, инфляцын дарамтад амьдарч байна. Өрхийн орлого өсөхөөсөө илүү зээлийн эргэн төлөлт өсөж байгаа нь гэр бүлийн дотоод уур амьсгалд хүртэл нөлөөлж байна.
Гэр бүл цуцлуулах шалтгааныг судалгаанаас харвал,


Монголд өнөөдөр олон гэр бүл “хамт амьдарч” байгаа ч хамтдаа амьдрах цаггүй болсон гэхэд хилсдэхгүй. Аав, ээжүүд хоёр, гурван ажил хийж, хүүхдүүд утас, дэлгэцтэй өсөж, нэг гэрт амьдардаг ч бие биетэйгээ ярилцах цаг улам багасаж байна. Энэ бол зөвхөн Монголын биш, XXI зууны дэлхийн нийтлэг дүр зураг.
Гэхдээ гэр бүл бол зөвхөн асуудлын тухай ойлголт биш. Ямар ч нийгмийн хамгийн жижиг атлаа хамгийн чухал хамгаалалтын систем хэвээр байна. Эдийн засаг унах үед ч, улс төр тогтворгүй үед ч, хүний амьдрал хүндэрсэн үед ч хүмүүс хамгийн түрүүнд гэр бүлдээ л түшиглэдэг. Тиймээс гэр бүлийг хамгаалах бодлого гэдэг нь зөвхөн халамжийн мөнгө биш. Ажлын байрны тогтвортой байдал, орлогын баталгаа, орон сууцны хүртээмж, боловсрол, сэтгэл зүйн үйлчилгээ, хүүхэд хамгаалал, ажлын цагийн зөв зохицуулалт зэрэг цогц бодлогын асуудал юм.
Олон улсын гэр бүлийн өдрөөр улс орнууд “аз жаргалтай гэр бүл”-ийн зураг түгээхээс илүүтэйгээр гэр бүл яагаад эмзэг болж байгааг асуух хэрэгтэй болжээ.
Монгол Улсад ч ялгаагүй. Нийгмийн хамгийн жижиг “эд, эс” болох гэр бүл өнөөдөр хамгийн эмзэг, хамгийн их дарамт шингээдэг, хамгийн их хойшлогдож ирсэн бодлогын асуудал.
Залуус яагаад гэр бүлээс айж байна вэ, хүүхэд өсгөхөд яагаад хэт үнэтэй болов, яагаад олон хүүхэдтэй айл ядууралд хамгийн өртөмтгий хэвээр байна вэ, яагаад гэр бүлийн хүчирхийлэл тасрахгүй байна вэ гэдэг асуултууд хариулт нэхсээр байна.
Гэр бүл бол зөвхөн хувь хүний асуудал биш. Энэ бол улс орны ирээдүйн асуудал. Хүн амын өсөлт, боловсрол, хөдөлмөрийн зах зээл, нийгмийн тогтвортой байдал бүгд гэр бүлээс эхэлдэг. Гэр бүл хүчтэй байж гэмээнэ улс хүчтэй байдаг гэх ойлголт өнөөдөр уриа биш, бодит шаардлага болсныг Дэлхийн гэр бүлийн өдөр дахин сануулж байна.







