
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д хийж буй төрийн айлчлалынхаа хүрээнд өнгөрсөн пүрэв гарагт БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Жиньпинтэй уулзсан юм. БНХАУ-ын Ардын их хурлын ордонд хаалттай болсон хоёр орны төрийн тэргүүнүүдийн уулзалт хоёр цаг үргэлжилжээ.
Синьхуа агентлагийн мэдээлснээр уулзалтын үеэр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин Тайванийн хоолойн тайван, тогтвортой байдал нь хоёр улсын харилцаанд чухал ач холбогдолтойг онцолжээ. Тэрээр Тайванийн асуудалд буруу хандах нь АНУ, БНХАУ хооронд мөргөлдөөн цаашлаад дайн үүсэх эрсдэлийг дагуулна хэмээн Тайванийн тусгаар тогтнол болон Тайванийн хоолойн тогтвортой байдал гэсэн хоёр ойлголт нь гал ус шиг үл нийцэх ойлголтууд гэжээ.
Бээжин Тайванийг өөрийн улсын нэг хэсэг гэж үздэг ба Хятадын эрх баригчид Тайванийг хүч хэрэглэн эзлэн түрэмгийлэхэд бэлэн байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан билээ. Bloomberg агентлагийн 2024 онд хийсэн тооцоогоор Бээжин Тайвань руу довтолж, дайн эхлүүлбэл уг дайны зардал дэлхийн ДНБ-ий 10 хувьтай тэнцэж, Бээжин, Вашингтон хооронд зэвсэгт мөргөлдөөн үүсэхэд хүргэх аж.
Цагаан ордны мэдээлснээр Ираныг тойрсон асуудал дээр хоёр орны төрийн тэргүүнүүд Ормузын хоолойн хөдөлгөөн нээлттэй байх ёстой гэдэг дээр санал нийлж, Ерөнхийлөгч Си Жиньпин уг асуудлыг шийдвэрлэхэд туслахад бэлэн байгаагаа илэрхийлж, Ираныг цэргийн техникээр хангахгүй гэдгээ амлажээ. Ерөнхийлөгч Си Жиньпин Ормузын хоолойг цэрэгжүүлэх, хоолойг төлбөртэйгөөр ашиглуулахыг эрс эсэргүүцэж буйгаа илэрхийлжээ.
Түүнээс гадна Цагаан ордны мэдээлснээр Хятадын төрийн тэргүүн Ерөнхийлөгч Д.Трамптай хийсэн уулзалтынхаа үеэр Бээжин Ойрх Дорнодын экспортын газрын тосноос хамааралтай байдлаа бууруулахын тулд АНУ-аас газрын том импортлох хүсэлтэй байгаагаа дурдсан аж.
Хоёр улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтын дараа Хятадын эрх баригчид АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп болон бусад зочид төлөөлөгчдөд зориулж хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулсан ба хүлээн авалтын үеэр Хятадын Ерөнхийлөгч Си Жиньпин Ерөнхийлөгч Д.Трампын айлчлалыг түүхэн айлчлал хэмээн тодорхойлж, “Америкийг дахих агуу болгоно” гэсэн Д.Трампын уриа Бээжингийн “Хятад үндэстний агуу их сэргэлт” гэсэн уриа хоорондоо төстэй байгааг онцолж, АНУ-Хятадын харилцааг ямар ч нөхцөл байдалд сүйтгэж болохгүй гэжээ.
Түүнчлэн хүлээн авалтын үеэр Ерөнхийлөгч Д.Трампын зүгээс Ерөнхийлөгч Си Жиньпинд ирэх 9-р сард АНУ-д айлчлахыг урьсан байна.
Ерөнхийлөгч Д.Трампын хувьд БНХАУ-д хийж буй айлчлалын сүүлийн өдрөө буюу өнөөдөр Хятадын Ерөнхийлөгчтэй цай ууж, үдийн зоог барьсныхаа дараа эх орон руугаа буцах аж.







