
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Шавкат Мирзиёев өнгөрсөн онд Монгол Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр улсын спортын салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өсвөрийн боксчдын хамтарсан бэлтгэл, сургуулилтыг эхлүүлээд байгаа юм.
Хамтарсан бэлтгэлийн хүрээнд Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Есүхэйбаатар, Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Т.Ганзориг нарын удирдлага дор Монголын өсвөрийн 15 боксчин Узбекистан улсад бэлтгэл сургуулилтад хамрагджээ.
Улмаар тэд өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна.
- U15 насны ангиллын хөвгүүдийн 49 кг-д Т.Кайсар хүрэл медаль хүртсэн бол
- U17 ангиллын хөвгүүдийн 50 кг-д Ө.Сүлд мөнгөн медаль хүртжээ. Харин охидын ангилалд
- 48 кг-д А.Мөнгөнзул,
- 50 кг-д З.Аминхайр,
- 57 кг-д Ч.Дагиймаа нар хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв.
Энэхүү амжилт нь Монгол, Узбекистаны спортын хамтын ажиллагааны бодит үр дүн болж байгааг албаныхан онцолж байна. Мөн өсвөрийн тамирчдын ур чадвар, олон улсын тэмцээнд өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж буйг тэмдэглэлээ.







