
Хэн бүхний сайн таних “Баавгайтай чихэр”. “Баавгайтай чихэр”-т асуулт байна. Бид тантай гадаа гудамжинд, магад гадаадад ч таарч мэднэ. Бид хамгийн эхний дугаараа Улаанбаатар хотоос, гадаа гудамжнаас бэлтгэлээ. Ард иргэдийнхээ юу хүсэж, бодож буйг сонсож чадахгүй болтлоо вакумжсан хотын дарга түүний “цэргүүд”, саарал ордонд суудаг костюм, пиджактай хүмүүст зориулан энэхүү дугаарыг бэлтгэлээ. Тэдний гаргаж буй шийдвэр, хийж буй ажлуудыг иргэд хэрхэн харж, дүгнэж, ойлгож байна вэ гэдгийг энэхүү нэвтрүүлгээс үзнэ биз ээ.
Хүүхэд байхдаа чихэрт хууртдаг байсан л биз дээ. Бид хэдий болтол улс төрчдийн молиго үмхүүлэлтийг “долоох” вэ. Гоё сайхан нийгмийн төлөө хамтдаа хэрсүү, улс төрийн мэдлэг, ойлголттой хүмүүс болцгооё.
-Орой ихэвчлэн ямар хоол хийж иддэг вэ. Танай гэр бүлийн тансаглал “юу” вэ?
-Т.Батцэнгэл: Мах авч, чанаад шөлөнд нь лапша хийгээд идсэн нь хавь илүү. Би хувиараа юм хийдэг учир цалин гээд байх юм байхгүй. Мөнгөтэй болохоороо хүүхдүүддээ жимс л авч өгдөг.
50 мянган төгрөгөөр жимс авч чадахгүй шүү дээ. Нэг тарвас тавиулахад 40 хэдэн мянга болдог.
-Шинэ Ерөнхий сайд хэдэн оны төлөөлөл байвал зүгээр вэ?
–Б.Урангоо: Тийм ч хөгшин, тийм ч залуухан биш 30-40-иөд насны, боловсрол, мэдлэгтэй хүн байвал зүгээр юм болов уу.
-Ломбардад “юм” тавьж үзсэн үү. Байсан бол тэр түүхээсээ хуваалцаач?
-Ц.Дэлгэрсуурь: Хааяа тавьдаг байсан. Одоо бол тавихгүй дээ. Би хулгай хийдэггүй. Худлаа хэлдэггүй. Оффшор дансгүй. Олигархи найзгүй. ЖДҮ-д хамрагдаагүй, жирийн амьдралтай хүн. Сүүлийн үеийн хэллэгээр бол улны амьдралтай, Улаанбаатарын данстай хүн. Улны амьдралтайдаа, гэр хороололд амьдарч байна гээд сэтгэлээр унадаггүй, би.
Монгол Улсын насанд хүрсэн ахмадуудын 90 хэдэн хувь нь тэтгэврийн зээлтэй байгаа. Түүний нэг этгээд нь би. Хэрэв банк шагнадаг бол “Монгол Улсын тэргүүний банк тэжээгч” гэдэг ч юм уу тэмдэг өгвөл сонирхолтой байх. Амьдрал хайр дээр, банк хүүн дээр тогтож амьдардаг юм билээ.
-Танай гэр бүлийнхнээс гадаадад ажиллаж, амьдарч буй хүн бий юу. Монголоос явъя гэж бодож байсан уу?
-Ч.Хэрлэн: Манай хамаатнууд гадаад их явдаг. Эгч маань саяхан Япон явсан. Ер нь гадаадад амьдаръя гэж бодож байгаа. Амар тайван. Монголд ажил хийгээд хангалттай цалин авахгүй, НДШ төлөөд гар дээр авч байгаа мөнгө нь бага…
-Метро, дүүжин тээвэртэй болно гэдэгт хэр итгэж байна та?
-Г.Баатарчулуун: Итгэхгүй байгаа. Явган хүний, машин замаа янзалж чадахгүй байгаа хүмүүс метро, дүүжин тээвэр барих нь юу л бол. Энд тэндгүй хагархай. Ойр, ойрхон зүгээр байгаа бродюрыг солиод байх юм. Явган хүний, дугуйн зам юу ч байхгүй. Хүүхдүүд сургууль соёлд явахдаа машин тэргэнд дайруулчих гээд хэцүү л байх юм байна шүү дээ.
-Нийтийн тээврээр хамгийн сүүлд хэзээ зорчсон бэ?
-Г.Ганбаяр: Ер нь бол гэр сургууль хоёр их хол байдаг учир өдөр болгон л зорчдог. Хамгийн удаандаа өнгөрсөн жилийн өвөл автобус хоёр цаг хүлээж байсан. Ёстой хөлдөж үхэхээ шахсан. Ер нь бол сайжруулбал, шөнийн автобус гаргамаар л байгаа юм.
-Өндөг тансаг хэрэглээ юу?
-А.Оюунчимэг: Нэг ширхэг өндөг 650 болчихсон. Үнэтэй байлгүй яах вэ. Өглөө хүүхдүүдээ хичээлд нь явахад нь 1-2 ширхэг өндөг чанаж өгдөг юм. Би чинь өндгийг 50 төгрөг байхаас нь мэднэ. Ер нь үнэд ороогүй юм байхгүй шүү дээ. Худгийнх нь ус үнэд орохгүй юм даа. Мах бол үнэхээр жаахан л идэж байна шүү дээ. Яг үнэнээ хэлэхэд зээлээр л амьдарч байна.
-Одоо тэгээд яавал энэ улс оронд маань бараа таваарынх нь үнэ тогтвортой, хүмүүс нь аз жаргалтай амьдрах юм шиг байна?
-УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч гээд энэ “томчууд” арга барилаа олохгүй байгаа юм болов уу гэж хардаг. Ард түмнээ, эх орноо гэх сэтгэл байхгүй болчихсон. Ийм байгаа цагт ард түмэн аз жаргалтай амьдарна гэж үгүй шүү дээ.
-Та хадгаламжтай юу. Сарын цалингаасаа хадгаламжид хийх боломж байдаг уу?
-Д.Дашням: Би 12 ангийн сурагч. Одоогоор хадгаламжгүй л байна. Гэхдээ ирээдүйд хадгаламжтай болох л байх даа.
-Хэрвээ та хотын дарга байсан бол таны хамгийн түрүүнд гаргах шийдвэр?
-Б.Бат-Эрдэнэ: Энэ бөглөрлийг л хамгийн түрүүнд янзална даа. Сургуулиудыг л хотоос гаргах байх.
-Эрх баригчдад хандаж хэлмээр байгаа үг?
-К.Сарангэрэл: Ард түмнийхээ төлөө үнэнч шударга, тууштай ажилламаар байна. Сонгогчдынхоо итгэл үнэмшлийг алдахгүйгээр ажлаа хиймээр байна. Бага идэж, ихийг хиймээр байна. Нэгэнтээ л гараа дүрчихсэн улс ханахгүй, цадахгүй, больж чадахгүй байгаа. Гэхдээ хэдэн үеэрээ идэх хөрөнгө цуглуулсан бол одоо ард түмэндээ үлдээ л дээ.
-Баавгайтай чихэртэй холбоотой дурсамжаасаа хуваалцаач?
-С.Бямбажав: Хүүхэд байхад баавгайтай чихэр хамгийн үнэтэй чихэр байлаа. Кг нь 48 төгрөг гэнэ. Би чинь хөдөөгийн малчин айлын хүүхэд. Энэ баавгайтай чихэр чинь ховор, эрдэнэ мэт л байлаа шүү дээ. Амталж үзэж байсан нь тоотойхон байх шүү.