
Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд Ц.Идэрбат Баян-Өлгий аймагт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан мэдээлэл өглөө.
Тев, Өвөрхангай, Дорнод аймагт урьдчилан сэргийлэх вакцин тарьсан үхрүүдээс О хэвшлийн шүлхий илэрсэн асуудалд хариуцлагын асуудал ярина!
Монгол улсад О хэлбэрийн шүлхий, САТ-1 гэсэн хоёр янзын өвчин илрээд байна. САТ-1 Монгол улсад өмнө нь гарч байгаагүй. Уг шүлхий өвчин 5 сарын 22нд Баян-Өлгий, Ховд аймгийн хил дагуу сумнуудад гарсан. Үүнийг 5 сарын 25нд Мал эмнэлгийн ерөнхий газрын төв лабораториос САТ-1 болох нь баталгаажуулсан.
САТ-1 тэмцэхэд хөл хорио, устгал, дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай. Тухайн өвчний вакцинжуулалт дэлхий дахинд тулгамдсан асуудал болоод байгаа.
Улсын онцгой комисс Улсын засгийн газрын хуралдаанаар шийдвэр гаргуулаад САТ-1 өвчний вакциныг худалдан авах ажлыг зохион байгуулж байгаа. Дэлхийн хэмжээнд хоёрхон улсад САТ-1 өвчний вакцин үйлдвэрлэгддэг. Аль болох худалдан авах үйл явдлыг хурдлуулахын тулд ажиллаж байна. ОХУ-н Хөдөө Аж Ахуйн дэд сайдтай энэ талаар асуудал тавьж уулзаж яамныхан хоёр улсын хооронд вакцин худалдан авах гэрээ байгуулах ажлыг эхлүүллээ.
Улсын онцгой комисс шуурхай штаб 40 гаруй цэг дээр 200 гаруй хүн 24 цагаар ажиллаж байна. Монгол улсын хэмжээнд О хэвшлийн шүлхий энэ өвөл маш их гарсан. Хавар бүх үхэрнүүдийг дархлаажуулалтад хамрагдуулсан. Гэсэн хэдий ч Төв, Өвөрхангай аймгуудад тарьлагад хамрагдсан ч О хэлбэрийн шүлхий дахин гарах болсон нь хариуцлагын асуудалтай холбоотой. Нэг нэгжийн хангалтгүй ажилссанаас болж ийм байдалд хүрсэн. Тиймээс хаана хариуцлага алдсаныг тогтоох ажил явагдаж байна.
Б.Уранзаяа








